Нийгэм

Улсын аварга тариаланч Ц.Отгонбаяр нь 1994 оноос хойш газар тариалангийн аж ахуй эрхэлж байгаа. Тэрээр өглөөний наран мандахаас эхлээд тариалалтын ажилдаа гардаг. Хүнсний ногооноос гадна цагаан лууван, брокли, хулуу, жуцай, яншуй, салатны навч гэх мэт нарийн ногоо болон жимс жимсгэнүүдийг хүртэл тариалдаг байна.

Тэрээр тариалалтын талбай, хүлэмжээ өөрийн гараар барьж байгуулсан. Өвлийн хүлэмжээ хүртэл өөрөө зураг төслийг нь гаргаж барьсан байна. Энэ мэт тариалангийн талбайгаа өргөжүүлэх, шинэ сорт турших, нутагшуулах, хөрсөө бордох зэргээр янз бүрийн арга хэмжээнүүдийг авч ажиллаж байгаагаа дурдлаа. Мөн ногоо тариалахад хөрс хамгийн чухал тул хөрсөө амраах, нөхөн сэргээхийн тулд аргал ашигладаг байна. Мөн иргэдэд хямд үнээр цэвэр органик бүтээгдэхүүн хүргэхийг зорьж байна гэлээ.

Тун удахгүй газраа хагалж хүнсний ногоогоо тариалж эхлэнэ гэлээ. Тэрээр жилдээ 40-50 тонн хүнсний ногоо хураан авдаг байна. Энэ их ногоогоор олон түмнийхээ хүнсний хэрэгцээг хангаж ажилладаг болохоор органик бордоо ашиглан эрүүл хүнс түгээхийг зорьдог гэлээ.

Харин импортоор орж ирж байгаа ногоонууд химийн найрлага ихтэй, удаан хадгалах зориулалттай, хортон шавьжны эсрэг бордоо ашигладаг. Тиймээс хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байдагийг хэлж байна.

KFC, И-март, Номин, Макс, Сансар, Барс зах зэрэг олон газруудад хүнсний ногоогоо нийлүүлэн ажилладаг байна. Тиймээс ард иргэдийнхээ хүнсний хэрэгцээг хангадаг тариаланчид бид химийн элдэв бодисгүй органик үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх ёстой гэлээ. Мөн газар тариаланг мөнгө олох, ашиг харах гэхээсээ илүү сэтгэл зүрхээ зориулан ажиллах ёстой гэсэн юм.

Ц.Отгонбаяр нь нийслэлээс шалгарсан хамгийн анхны улсын аварга тариаланч юм. Түүнд баяр хүргэхээр Монголын радиогийн ууган нэвтрүүлгүүдийн нэг “Ургацын далай” нэвтрүүлгийг 25 жил хөтлөн явуулсан сэтгүүлч Л.Мөнхтөр ирсэн юм. Тэрээр жил бүр 45-21 хоног тариаланчдын дунд ажиллаж, Монголын газар тариалангийн салбарын өмнө тулгамдсан олон асуудлыг ил болгон, энэ салбарынхны үгийг төр засаг, ард түмэнд хүргэх үйлсэд дорвитой хувь нэмэр оруулсан сэтгүүлч билээ.