Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 834 тохиолдол бүртгэгдэж, нэг хүн энджээ

Ковид-19 /дотоод/

Өнөөдөр коронавируст халдварын 834 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Халдварын улмаас нэг хүн нас барсан байна. Он гарсаар тав дахь долоо хоногоос ПСР шинжилгээнд Омикрон хувилбарын эерэг эзлэх хувь буурч 16 хувьд хүрсэн байна. Халдварын тохиолдлыг эрчимтэй бууруулахад халдвар хамгааллын дэглэм мөрдөх, дархлаа сэргээх нэмэлт тунд хамрагдах хэрэгтэйг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна.

Сүүлийн дөрөв хоногийн турш коронавируст халдвар 1000-аас доош бүртгэгдлээ.

Өнөөдөр халдварын 834 тохиолдол бүртгэгдснээс Улаанбаатар хотод 479, орон нутагт 355 тохиолдол батлагдлаа. Халдварын улмаас 61-80 насны нэг хүн нас барлаа.

Манай улсад дотоодын халдвар бүртгэгдснээс хойш нийт 2077 хүн халдварын улмаас нас барсан байна.

Өнөөдрийн байдлаар халдварт өртөж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 6167 хүн байгаагаас 48 хүний биеийн байдал нэн хүнд 48, хүнд 541 хүн байна.

Эмнэлэгт эмчлүүлж буй нийт иргэдийн 1,334 нь хүүхэд, 494 нь жирэмсэн эх байгаа юм. Харин гэрийн тусгаарлалтад 20,637 хүн байна.

Сүүлийн нэг хоногт гурван аймагт халдвар нэмэгдээгүй бол Дорноговь аймагт 49 тохиолдол бүртгэгдсэн нь хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Харин дархлаа сэргээх нэмэлт 3 дугаар тунд нэг сая, 4 дүгээр тунд 92 мянга гаруй хүн хамрагдаад байна.

Манай улс цар тахлын хөл хорио хязгаарлалтаа цуцалж, улбар шараас шар түвшинд шилжсэн. Хэдийгээр бүх төрлийн үйл ажиллагааг нээлттэй болгож байгаа ч амны хаалтаа зүүх, гараа ариутгах, хүн хоорондын зай барих дэглэмийг үргэлжлүүлэн мөрдөх шаардлагатайг эмч мэргэжилтнүүд сануулж байна. Мөн дархлаа сэргээх нэмэлт тунд хамрагдах нь халдварын эрсдлээс сэргийлэх боломж гэдгийг анхаарууллаа.