Нийгэм

Хуурайшилт ихтэй байгаа энэ аюултай үед иргэд ууланд амарч зугаалах нэрийдлээр түймэр тавих нь их байгааг албаныхан хэлж байна. Саяхан гэхэд л Зайсангийн ам, Соёмботой уул, Арцатын аманд их хэмжээний гал гарсан. Энэ нь иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс гарчээ. Иймд Хан-Уул дүүргийн цагдаагийн албанаас гал гарах эрсдэлтэй, хүний хөдөлгөөн ихтэй бүсүүдэд хяналт тавин эргүүлд гарч байна. 

Он гарсаар Улаанбаатар хот, Архангай, Булган, Завхан, Дорнод, Сэлэнгэ, Сүхбаатар, Хэнтий, Хөвсгөл, Төв, Ховд, Баянхонгор зэрэг 12 аймгийн 38 суманд нийт 59 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгджээ. Үүний улмаас 83413,5 га талбай, 3 айлын өвөлжөө, 1 автомашин шатсан байна. Нийслэлийн хэмжээнд Богд уул орчим буюу Хан-Ул дүүргийн бүсэд түймэр их гарч байгаа. Тиймээс Хан-Уул дүүргийн цагдаагийн алба хаагчид 4 бүсэд хамгаалалтанд гарч байна.  

Г.БАЯНБЯМБА: ТАМХИ ТАТАХ, ИЛ ГАЛ ТҮЛЭХ ЗЭРЭГ ИРГЭДИЙН БОЛГООМЖГҮЙ ҮЙЛДЛЭЭС ҮҮДЭЛТЭЙ ГАЛ ТҮЙМЭР ИХ БАЙНА 

 

Богд ууланд гарахаар өдөрт дунджаар 1000-2000 хүн ирдэг байна. Нийслэл орчмын ууланд гарч буй түймрийн дийлэнх нь иргэдийн болгоомжгүй үйлдлээс үүдэн гардаг гэдгийг алба хаагчид хэлж байна. Тухайлбал тамхины иш, ил гал түлэх зэргээс гал алджээ.

Гал түймрийн улмаас урьдчилсан байдлаар нийт 2.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Иймд, ногоон бүсэд зорчихдоо ил задгай гал түлэхгүй  байх, асаасан гал, шүдэнз, тамхины галыг бүрэн унтраах, халуун үнс нурмыг ил задгай асгахгүй байж ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг  анхааруулж байна.