Нийгэм

Цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэл ойрын 1-2 жилд арилахгүй гэдгийг судлаачид онцолж байгаа. Тиймээс иргэдийн амЬжиргааг дэмжих, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг сайжруулах чиглэлд засгийн газар 5.1 их наяд төгрөгийн багц санхүүжилтийг хийж үе шаттайгаар арга хэмжээ авч ажилласаар байна.

Засгийн газар цаг алдалгүй шуурхай ажиллаж шаардлагатай арга хэмжээг авч байгаа ч дэлхийн эдийн засаг зогсонги байдалд орсон өнөөгийн нөхцөлд аж ахуй нэгжүүдийн байдал улам бүр хүндэрч байгааг Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос онцолж байгаа юм. Учир нь үйлдвэрлэл зогсонги байдалд орсон өнөөгийн нөхцөлд аж ахуй нэгжүүдийн 90 хувь нь өрийн дарамтад орсон гэдгийг хэллээ.

Манай улсын иргэн аж ахуй нэгжүүд бүхэлдээ арилжааны банкуудад хамааралтай гэхэд буруудахгүй. Улмаар Цар тахлаас улбаатай эдийн засгийн хүндрэл үүссэн энэ цагт зээлийн хүү маш их дарамт болж байгааг Ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос хэллээ. Тиймээс Засгийн газар эдийн засгийг дэмжих хоёр дахь шатны арга хэмжээгээ боловсруулж байгаа өнөөгийн нөхцөлд аж ахуй нэгжүүдийг өрийн дарамтаас гаргах арга хэмжээг тусгаж өгөхийг хүсч байгаагаа хэлсэн юм.

Манай улсад монополь байдал тогтоосон банкны салбарт цогц шинэчлэл хийх шаардлагатайг Засгийн газрын тэргүүн онцолсон. Улмаар УИХ-аас ч ажлын хэсэг гаргаж холбогдох хуулийн төслийг боловсруулан хэлэлцэж эхлэсэн. Тодруулбал, 500 сая төгрөг хүртэлх хэрэглээний зээлтэй иргэн аж ахуй нэгжүүдэд төрөөс таван хувь, банк гурван хувийн хүү хөнгөлөх хуулийн төслийг хэлэлцэж байгаа. Харин аж ахуй нэгжүүдэд зээл болоод үндсэн төлбөрийг урт хугацаанд хойшлуулах шийдвэр маш том дэмжлэг болно гэдгийг ийнхүү хэллээ.