Нийгэм

Сүүлийн үед иргэд өрхийн хэрэгцээний ногоогоо хашаандаа тариалах болсон. ХУД-ийн иргэн Д.Амарсанаа мөн өөрийн санаачлагаар тариалан эрхлэх болжээ. Тэрээр орчуулагч мэргэжилтэй ч  хоббиндоо хөтлөгдөн 2015 оноос хойш хүнсний ногоо тариалах болсон байна.  Харин одоо аж ахуйгаа улам өргөжүүлэн, олон төрлийн ногоо тариалахаар зорин ажиллаж буйгаа бидэнтэй хуваалцсан юм. 

Ургадаг, ухдаг уурхайгаа зөв хөгжүүлье гэж хэлэх дуртай ХУД-ийн иргэн Д.Амарсанаа газар тариалан эрхлээд 5 жил өнгөрчээ. Бага байхаасаа л аав ээжийнхээ хашаандаа тариалсан  ногоог арчилж ургуулдаг байсан, тэрээр одоо өөрийн гэсэн аж ахуйтай болжээ. Анх ганцхан хүлэмжинд тариалалт эрхэлдэг байсан бол одоо 20 гаруй нэр төрлийн хүнсний ногоо тариалах болсон байна.  

Д. АМАРСАНАА: ЗАРИМ НЬ ИМПОРТООР ОРЖ ИРСЭН НОГООГ МОНГОЛ НОГОО ГЭЖ ЗАРДАГ  

Тэрээр өрхийн аж ахуйгаа улам нэмэгдүүлэхээр зорин ажиллаж буйгаа бидэнтэй хуваалцсан юм. Тийм ч учраас зөвхөн нарийн ногоо гэлтгүй чацаргана, үхрийн нүд зэрэг жимсны модыг ч тариалаад эхэлжээ. Одоогоор хаврын тариалалтаа эхлүүлчихсэн байгаагаагаа хэлж байна. Мөн экологийн бордоо ашиглан эрүүл, чанартай, баталгаатай хүнсний ногоо тариалахыг зорьдог гэдгээ онцолсон юм. 

Манай улсын хүнсний ногооны хэрэгцээний дийлэнх хувийг импортын бүтээгдэхүүн эзэлдэг. Монголын хөрсөнд ургасан болон импортын ногоо хоёр маш том ялгаатай байдаг гэлээ. Өөрөөр хэлбэл тариалалтын хувьд ямар ч хяналтгүй, элдэв химийн бодистой бордоо ашигласан байдаг гэлээ.  Тэр ялангуяа нарийн ногоог авахдаа илүү анхаарах хэрэгтэйг хэлж байна.   

Мөн тэрээр шинэлэг сортын олон төрлийн хүнсний ногоо тариалахаар судалгаа, туршилтын ажлуудыг хийж байгаагааг онцоллоо. Харин тариалсан ногоогоо Барс, Меркури, Номин зэрэг супермаркетуудаар худалдаалдаг байна.