Нийгэм

БГД-ийн ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор УБ өртөөг Батхүүгийн Баярмагнайн нэрэмжит өртөө болголоо. Баярмагнай агсан нь 1972-1992 оны хооронд тасралтгүй 20 жилийн турш УБ өртөөний даргаар ажилласан зүтгэлтэн юм. Иймд УБТЗ ХНН-ийн удирдлагуудын өгсөн хүсэлтийн дагуу ИТХ-ын тэргүүлэгчид УБ өртөөг түүний нэрэмжит болголоо.

УБТЗ ХНН-ийн Улаанбаатар өртөө нь Монголын орон нутгийн болон олон улсын төмөр замын төв хамгийн том өртөө юм. УБТЗ ХНН-ийн зүгээс энэ байгууллагыг 20 жилийн турш тасралтгүй удирдсан Баярмагнай агсны нэрэмжит болгох хүсэлтийг өнгөрсөн оны 11 сард холбогдох албанд хүргүүлсэн байна. Ийнхүү Ялалтын баярын түүхэн өдөр УБ өртөөг Баярмагнай агсны нэрэмжит болгох үйл ажиллагааг зохион байгууллаа.

Б.Баярмагнай нь 1937 онд Төв аймгийн Баян-Өлзийт сумын малчин ард Батхүүгийн 2 дахь хүү болон мэндэлжээ. Тэрээр 1954 онд 17-н настай байхдаа ажил хөдөлмөрийн гараагаа эхлүүлж байсан. Анх УБТЗ-ын Зүүнхараа өртөөнд ерөнхий улаачаас эхлээд ахлах зохицуулагч, ахлах инженер, орлогч дарга гэх мэт алба ахисаар УБ өртөөний даргаар 20 жил тасралтгүй ажилласан байдаг. Төр засаг, төмөр замын хэрэг эрхлэх газар түүний хөдөлмөрийг өндөрөөр үнэлэн "Тэргүүний төмөр замчин", 1973, 1975 онуудад залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч тэргүүний ажилтан, "Онц хөдөлгөөнчин", "БНМАУ-ын засгийн газрын хүндэт жуух", "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон", "Алтан гадас одон" зэрэг олон хүндэт медалиар шагнаж байжээ.

Б.Баярмагнай агсан 1992 он хүртэл УБ өртөөнд ажилласаар байгаад гавьяаныхаа амралтанд гарчээ. Түүнээс хойш тээвэр зуучийн компаниудад захирал, зөвлөхөөр 10 гаран жил ажилласан байдаг. Тэрээр бүхий л амьдралаа төмөр замын хөгжил дэвшилд зориулж мэргэжилдээ эзэн нь болсон нэгэн байсан хэмээн хамтран зүтгэж байсан нөхөд нь дурсан ярьлаа.