НҮБ: ОХУ-ын цэргийн ажиллагаа НҮБ-ын үндсэн зарчмыг зөрчиж байна

Улс төр

Олон улсын нийгэмлэг ОХУ-ын Украины эсрэг явуулж байгаа цэргийн ажиллагааг эрс шүүмжлэн буруутгаж байна. НҮБ-ын тэргүүн Антониу Гуттериш Украины нутаг дэвсгэрт Оросын цэргийн хүчний явуулж байгаа цэргийн ажиллагаа нь НҮБ-ын үндсэн зарчмыг зөрчиж байгааг тэмдэглэжээ. 

Антониу Гуттериш ийнхүү мэдэгдэхдээ ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд хандан цэргийн хүчнээ яаралтай эргүүлэн татахыг хүсчээ. Тэрээр Оросын цэргийн хүчний Донбассыг хамгаалах зорилгоор явуулж байгаа цэргийн тусгай ажиллагаа ямар ч утга учиргүй цэргийн дайралт гэж үзэж байгаагаа хэлж, Москвагийн үйл хөдлөлийг шүүмжлэн буруутгасан байна.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Оросын тал Украины газар нутаг руу халдан довтолж, цэргийн цохилт дайралт явуулж эхэлсний дараа яаралтай хуралдаан хийсэн юм. Аюулгүйн зөвлөлийн хуралдаан дээр НҮБ-ын тэргүүн Оросын талын явуулж байгаа цэргийн тусгай ажиллагааг ямар утгагүй цэргийн ажиллагаа, энэ нь НҮБ-ын үндсэн зарчмыг зөрчиж байгааг тэмдэглэн хэлжээ. Гуттериш түүнчлэн өнгөрсөн лхагва гарагт Украины санал санаачлагаар явагдсан Аюулгүйн зөвлөлийн тусгай хуралдаан дээр Оросын талыг Украины эсрэг цэрэг дайны ажиллагаа явуулахаас татгалзахад уриалан, хямралыг дипломат арга замар, эв зүйгээр шийдэхэд уриалан, цэрэг дайны бодлогоос татгалзахад уриалсан гэдгийг сануулан хэлжээ. Гуттериш энэ удаад ч мөн Оросын талд хандан Донбасс дахь цэргийн ажиллагаагаа нэн даруй зогсоохыг шаардсан байна. Тэрээр ОХУ-ын эрх баригчдад хандан хүн төрөлхтөний нэрийн өмнөөс Европ тивд дахин нэг дайн тулаан дэгдэхээс сэргийлэхийг хүсч, уриалсан байна.