Нийгэм

Амралтын өдөр манай сэтгүүлч махын үнийн талаар сурвалжлага бэлтгэлээ. Хаврын улиралд махны нийлүүлэлт багасч үнэ өсөх хандлага ажиглагддаг. Тэгвэл салбарын яам нөөцийн мах бүрдүүлж, худалдаанд гаргаснаар үнэ тогтвортой хадгалагдсан байна.

Зах худалдааны төвүүдийн байршлаас шалтгаалан нойтон мах буюу шинэ махны жижиглэнгийн үнэ янз бүрийн хэлбэлзэлтэй байна.  Тухайлбал, Хүчит шонхор худалдааны төвд үхрийн мах 9000-13,000 төгрөг, хонины мах 8000-9800 төгрөг, адууны мах 8000-8500, ямааны мах 7400-8800, тэмээний мах 7400 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна. Тус захын хувьд өдөр бүр нийлүүлэгдэж байгаа махны үнэ хэлбэлзэж байгааг мэдэгдлээ. Харин иргэдийн хувьд 10 гаруй мянган төгрөгөөр нэг кг үхрийн мах авч байгаа нь үнэтэй байна гэсэн юм.

Махны үнийг 3 дугаар сарын 12-ноос 5 дугаар сарын 13-ны өдөртэй харьцуулсан судалгааг танилцуулья. Тухайлбал гуравдугаар сард үхрийн цул мах 13500 орчим байсан бол одоо 14 мянган төгрөг болсон байна. Харин хонины цул мах 9700-10100 төгрөг болж өссөн байна. Махны үнэ худалдааны төвүүдийн байршлаасаа хамааран Меркури захад үхрийн цул мах хамгийн үнэтэй буюу 17 орчим мянган төгрөгөөр худалдаалагдаж байгааг Нийслэлийн статистикийн газраас гаргажээ. Харин махны үнэ барих бодлогыг ХХААХҮЯ баримталж байгаа. Салбар яамнаас хэрэгжүүлж байгаа бодлого бол нөөцийн мах бэлтгэл юм.

Нойтон махны жижиглэнгийн үнэ зах зээлийнхээ журмаар шийдэгддэг учраас үнийг барих боломжгүй гэлээ. Харин нөөцийн махыг чанартай хангалттай бэлтгэх нь махны үнийг тогтвортой байлгах боломж гэж албаныхан харж байна.