Нийгэм

Цар тахлаас урьдчилан сэргийлэх хамгийн баталгаа өндөр зүйл бол амны хаалт хэрэглэх юм. Ихэнх цагийг амны хаалттай өнгөрүүлж байгаа бидний арьс агааргүйдсний улмаас хацар, эрүү, хамар хэсгээр хэт их чийгшил үүсэн бохирдлын хэмжээг нэмэгдүүлдэг.

Ингэснээр цагаан, хар гэх мэт олон төрлийн батгашилт үүсч, арьс нүхжих шалтгаан болж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Нью-Йоркийн Синай эмнэлгийн арьс судлалын гоо сайхны клиник судалгааны газрын дарга Жошуа Зейнэрийн өгсөн хамгийн энгийн бөгөөд чухал дөрвөн зөвлөгөөг хүргэе.

1.      Нүүрээ будахаас татгалзах

Эмэгтэйчүүд нүүрээ будахын өмнө маш олон суурь гоо сайхны чийгшүүлэх хамгаалах гэх мэт хэрэгслүүдийг түрхдэг. Үүний дараа крем, пудр түрхдэг нь арьсны чийгшил ихсэж бохирдол үүсэх шалтгаан болно.

2.      Өглөө оройн цэвэрлэгээ хамгийн чухал

Өглөө оройн арьс цэвэрлэх, арчлах дадлыг тогтмол хийж заншсанаар батгашилтаас ихээхэн хамгаалах юм. Өөрийн арьсны онцлогт зориулан мэргэжилтнээс зөвлөгөө авч, арьсаа арчилж байх нь чухал.

3.      Амны хаалт хэрэглэснийхээ дараа тогтмол нүүрээ угааж цэвэрлэх

Амны хаалт тайлаад л шууд нүүрээ угаадаг байх нь мөн л арьсны бохирдлоос хамгаалах шидтэй юм. Учир нь бохирдол таны арьсан дээр хэр удаан тогтоно, тэр чинээгээр бохирдох эрсдэл өндөр байдаг.

4.      Амны хаалт зүүгээгүй үедээ арьсандаа зөв чийгшлийг хангалттай өгөх

Амны хаалт зүүгээгүй үедээ, гэртээ эсвэл хаа нэгтээ ганцаараа байх үедээ арьсандаа зөв чийгшил өгөх нь нүхжилтээс хамгаалдаг. Зөв чийгшил гэдэг нь тос түрхэх бус, дотроосоо чийгшил авах зорилгоор ус хангалттай уух, зөв өөх тос хэрэглэх юм.