Нийгэм

Хөхний хорт хавдрыг соруулж авдаг эмчилгээг Улсын хоёрдугаар төв эмнэлэг нэвтрүүлжээ. Энэ өвчнийг эмчлэхийн тулд хөхийг нь авахаас өөр арга олоогүй байсан юм. Тэгвэл анагаах ухааны дэлхийн дэвшилтэт технологийг манай улс амжилттай нэвтрүүлж өвчтнүүдээ эдгээж эхэлсэн байна. Өнөөдрийн байдлаар монгол эмч нар дөрвөн эмэгтэйд хагалгаа хийж бүгд амжилттай болжээ.

Улсын хэмжээнд анх удаа УХТЭ хөхийг тайрч авахгүйгээр хавдрын эдийг соруулах технологийг нэвтрүүлээд байна. Энэ нь эхогоор харж байгаад тухайн хавдрыг соруулах арга юм. Хавдрыг соруулахдаа хөхөнд 5 мм-ийн хэмжээтэй зүсэлт хийн түүгээрээ тусгай зориулалтын хавхлагтай зүүг оруулан хавдрын эдийг хэсэгчлэн тайрч соруулдаг байна. Тус аппаратыг УХТЭ өнгөрөгч хоёрдугаар сараас хойш ашиглаж эхэлжээ.

Тус аппаратаар эхний ээлжинд хоргүй хавдрыг авч байгаа гэж байна. Цаашид эхний шатандаа оношлогдсон хортой хавдрыг ч авах боломжтой гэж эмч хэллээ. Гэхдээ дундаас дээш шатандаа орсон, зайлшгүй мэс засал хийлгэж хөхөө авахуулах заалттай эмэгтэйчүүд ХСҮТ-д хандах шаардлагатай юм байна. Тус аппарат нь зөвхөн хоргүй хавдрыг авахыг мэргэжлийн эмч санууллаа.  Өнөөдрийн байдлаар дөрвөн эмэгтэйд хагалгаа хийж өвчтөнүүдийн биеийн байдал сайн, хагалгаа хийсэн гэх сорвигүй шахам болсныг ч мэргэжлийн эмч онцоллоо.

Манай улсад хөхний хавдартай эмэгтэйчүүдийн тоо эрс нэмэгдэх болсон байна. Хөхний хавдар соруулах мэс ажилбарыг өртөг өндөр мэс заслын жагсаалтад оруулжээ. Ингэснээр өвчтнөөс гарах төлбөрийн 75 хувийг ЭМД-аас гаргаж, өвчтөн зөвхөн 25 хувийн төлбөрийг хийх боломжтой болсон байна. Энэ нь ойролцоогоор 200 орчим мянган төгрөг гэдгийг мэргэжлийн эмч хэллээ.