Украинд цэрэг дайны ажиллагаа үргэлжилсээр байжээ

Үйл явдал

ОХУ, Украины талтай хийсэн яриа хэлэлцээрийн дагуу өнгөрсөн бямба гарагт Украины дайн тулаантай бүсээс энгийн номхон иргэдийг аюулгүй нүүлгэн шилжүүлэх зорилгоор “хүмүүнлэгийн коридор” буюу “хүмүүнлэгийн гарц” нээсэн. 

Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдэд Украины нутаг дэвсгэр дээр Оросын цэргийн ажиллагаа үргэлжилж, Украины хотууд агаарын цохилт дайралтад өртсөөр байжээ. 

Оросын тал бямба гарагий өглөөний 10 цагт галаа зогсоож, хүмүүнлэгийн гарцаа нээж байгаа талаар мэдээлсэн. Гэвч Украины хотууд үргэлжлэн цэргийн цохилтод өртсөөр байсан талаар мэдээлж байна. Тухайлбал Киев хотоос холгүй байрлах Ирпенд энгийн номхон иргэдийг нүүлгэн шилжүүлж байсан зам халдлагад өртжээ. Түүнчлэн Оросын талын явуулсан цохилтод хий дамжуулах хоолой өртсөнөөс Ирпенд ахуйн хийн нийлүүлэлт доголдсон байна. Мариуполь болон Волновахигаас иргэдийг нүүлгэн шилжүүлэх үйл явц Оросын талын цохилт дайралтын улмаас тасалджээ. Тэгвэл Мариуполь хотоос “хүмүүнлэгийн коридороор” 300 иргэнийг нүүлгэн шилжүүлсэн ч Донбассын удирдлагуудын мэдээлж байгаагаар Украины тал эхэлж гал зогсоох хэлцлийг зөрчсөн талаар мэдээлсэн байна.