Дэлхийн улс орнуудад Украин дахь дайн тулааныг эсэргүүцсэн жагсаал өрнөжээ

Үйл явдал

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр дэлхийн улс орнуудад Украин дахь дайн тулааныг эсэргүүцсэн жагсаал өрнөжээ. Европын ихэнх улс оронд олныг хамарсан жагсаал болж, ОХУ-ыг Украин дахь цэргийн ажиллагаагаа зогсоохыг шаарджээ.

Францын нийслэл Парис хотноо олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр жендерийн тэгш бус байдал, сексизм болон хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэн жагсч, мөн энэ үеэр Украины туг далбааг барин Оросын талыг цэргийн ажиллагаагаа нэн даруй зогсоохыг шаардсан байна.

Бельгийн Брюссель хотноо мөн жагсаал болж, Еврокомиссын барилгын гадна Украин дахь дайн тулааныг зогсоохыг шаарджээ. Румынд Украины дүрвэгсдийг цэцэг барин угтсан байна. Учир нь Украинаас дүрвэн ирж байгаа хүмүүсийн дийлэнх нь эмэгтэйчүүд байгаа учраас тэднийг баярын өдрөөр цэцэг барин угтжээ.