Кипр Улсын аялал жуулчлалын салбар алдагдалд оржээ

Үйл явдал

Украин дахь цэрэг дайны ажиллагаа, Оросын эсрэг тавьсан хоригийн улмаас Европ тивийг чиглэсэн аялал жуулчлал хумигдаад байна. Тухайлбал Кипр улс Орос, Украинаас ирэх жуулчдын урсгал зогссоноос аялал жуулчлалын салбар нь ихээхэн алдагдал хүлээх нь тодорхой байгаа юм. 

Кипрын аялал жуулчлалын салбар 3-р сарын дунд үеэс эхлэн сэргэж, зуны улирал эхэлдэг ч энэ жил Украины дайн тулаанаас шалтгаалан гадаадын жуулчдын тоо эрс буурчээ. Кипр улс энэ онд Орос болон Украинаас хүлээж байсан 800 мянган жуулчнаа хүлээж авахгүй болох нь тодорхой болж байна. Кипрыг зорин ирдэг гадны жуулчдын 22%-ийг Орос, Украины жуулчид эзэлж, 500 сая еврогийн ашиг орлого нь тасалджээ.

Аялал жуулчлалын салбар нь ийнхүү уналтад орсноор Кипрын сангийн сайд Константинос Петридисын мэдээлж байгаагаар 2022 онд ДНБ-ий хэмжээ 1,5-2%-иар буурах нь тодорхой байгаа юм.

Өнгөрсөн онд Оросын жуулчид Кипрт ирсэн гадны жуулчдыг тэргүүлж, Оросын 500 гаруй мянган хүн Кипрт аялжээ.