Сахарын элсэн шуурга Европын нутаг дэвсгэрт хүрч байна

Үйл явдал

Африкийн Сахарын цөлөөс шуурч байгаа элсэн шуурга Пиренейн хойгоор дамжин Европын нутаг дэвсгэрт хүрч байна. Сахараас дамжин ирсэн элсэн шуурганы улмаас Пиренейн хойг элс, шороон шуурганд дарагдан, барилга байшингийн дээвэр, гудамж талбай дахь машин тэрэг улаан шаргал өнгөнд хучигджээ. 

Пиренейн хойг руу ийнхүү Сахарын цөлөөс элсэн шуурга очиж байгаа нь “Селия” нэр авсан салхи шуурганаас болжээ. Улмаар Пиренейн хойгт агаарын чанар муудаж, хэд хэдэн мужид үзэгдэх орчин хязгаарлагдан, бүх зүйл элс шороонд хучигдаад байна.

Испанийн нийслэл Мадрид хотын амбан захирагч Хосе Луис Мартинес-Альмейда өөрийн твиттер хуудсан дээрээ улсынхаа иргэдийг цаг агаарын байдлын талаарх мэдээллийг сонсч, амьсгалын замын өвчтэй, мөн тоос шорооны харшилтай иргэдийг цонх хаалгаа сайн хааж, гадагшаа гарахгүй байхыг зөвлөжээ.