Нийгэм

Махны үнэ кг нь 20 мянган төгрөгт хүрсэн гэдэг мэдээлэл цацагдсан. Мэдээллийн мөрөөр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газар мах худалдаалдаг зах худалдааны төвүүдэд шалгалт хийсэн байна. Махны үнэ өсөөгүй, ташаа мэдээлэл байгааг тогтоожээ. Махны үнэ нэмэгдсэн гэж зориудаар худал мэдээлэл тараасан болохыг албан ёсоор мэдээллээ.

Махны үнэ 20 мянган төгрөгт хүрсэн гэдэг ташаа мэдээлэл болохыг ШӨХТГ-аас мэдэгдлээ. Тодруулбал Барс, Бөмбөгөр, Мини зах, Хүчит шонхор зэрэг зах худалдааны төвүүдэд хийсэн хяналт шалгалтын үеэр махны үнэ 10000-15500 төгрөгний хооронд байсан байна.

Монгол улс 2019 онд 70.9 сая мал тоолуулсан. Энэ нь дотоодынхоо махны хэрэгцээг хангаад зогсохгүй гадаадын улс руу экспортлох бүрэн боломжтой үзүүлэлт юм. Гэтэл махны үнэ жилээс жилд өсөж байгааг иргэд хэлдэг. Гэсэн ч төрийн хатуу бодлогоор махны үнийг барих боломжгүй зах зээлийнхээ журмаар өсөлт бууралттай явах учиртай гэдгийг ШӨХТГ-аас мэдэгдлээ. Харин тодорхой бодлогын хүрээнд худалдаалагддаг хамгийн хямд үнэтэй мах бол нөөцийн мах болохыг хэлж байна.

Нийслэлийн хүн амын 2020 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан нийт 12.0 мянган тн махыг нөөцөлөн 3 дугаар сарын 11-ний өдрөөс Нийслэлийн 9 дүүргийн 169 хорооны 413 хүнсний дэлгүүрээр борлуулж байна. Нөөцийн махны худалдааны үнэ 6 дугаар сарын 9-ний байдлаар нэг кг хонины ястай мах 6700 төг/кг, үхрийн ястай мах 7700 төг/кг, ямааны мах 6200 төг/кг үнээр борлуулагдаж байгаа гэдгийг ХХААХҮЯ-наас мэдээллээ.