Нийгэм

Нийслэлд өнөөдөр оройн 23 цагт автозам хаах гэж байна. Газар доорх шугам хоолойн байгууламжийг шинэчлэх, мөн муудаж эвдэсэн замын эвдрэлийг засахаар тооцоолжээ. Автозамыг оройн цагаар хааж  өглөө нээнэ. Харин засварын ажил шөнө хийгдэх юм. Аль хэсэгт зам хаагдах талаар мэдээлэл хүргэе.

Зүүн хойд бүсийн усан сангаас Тасганы усан сан хүртэлх цэвэр усны шугамын ажил эхлэхтэй холбоотойгоор хэсэгчилэн зам хаахаар болсон байна. Тодруулбал, Баянбүрдийн тойргийн уулзварыг өнөөдөр орой буюу 23:00 цагаас эхлэн маргааш 06:00 цаг хүртэл хэсэгчлэн хаахаар болжээ. Тиймээс энэ хэсгээр зорчихгүй байх, зорчих тохиолдолд анхаарал болгоомжтой байхыг анхаарууллаа.

Дулааны шугам сүлжээг жил бүр засан сайжруулдаг. Энэ жил ч мөн 9 удаагийн зогсолт хийж завсарын ажлаа гүйцэтгэнэ гэдгээ мэдэгдлээ. Ингэхдээ наадмын дараа хөдөлгөөн сийрэг үед томоохон авто замуудыг сэтлэж, сүвлэн засварын ажлаа хийнэ гэлээ.

Нийслэл хотод хийгдэж буй авто замын томоохон бүтээн байгуулалтын талаар мэдээлэл хүргье. Зайсангийн дулааны болон хүйтэн усны шугамын ажлыг хийж гүйцэтгэж байна. Ажлын явц 70-80 хувьтай байгааг мэдэгдлээ. Мөн гэр хорооллын цэвэр усны шугамын ажлууд хийгдэж байгаа. Дулааны шугам сүлжээний 600мм-ийн диаметртэй шугамын ажлыг хийж гүйцэтгэж байгаа бол  нэгдүгээр хорооллын ард талыг 3, 4 дүгээр хорооллын хойд талтай холбох шугам сүлжээний ажил мөн хийгдэж байна. Засварын ажлыг хийхдээ иргэд, зорчигчдын хөдөлгөөнд саад болохгүйгээр авто замыг хэсэгчлэн хааж ажиллаж байгаагаа хотын захиргаанаас мэдэгдлээ.