Нийгэм

Энэ жилийн үндэсний их баяр наадам хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиал сувгуудаар олон түмэнд хүрнэ. Онцгой дэглэмийн үед зохион байгуулагдаж байгаа учир Жанжин Сүхбаатар, Их эзэн Чингис хааны хөшөөнд цэцэг өргөх, хүндэтгэл үзүүлэх ёслол, дээлтэй Монгол надаам, уяачдын наадам болоод соёл, урлагын арга хэмжээ, үзвэр үйлчилгээ зэрэг уламжлал болсон арга хэмжээнүүдийг зохион байгуулахгүй болохыг мэдэгдлээ.

Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаан, сурын харваа, шагайн харваа Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт байрлах баяр наадмын төв талбайд болно. Харин хурдан морины уралдааныг уламжлал ёсоор “Хүй долоон худаг”-т олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон цахим хэлбэрээр 11, 12-ны өдрүүдэд шууд дамжуулан хүргэхээр болсон. Мөн наадмын нээлтийг 13000 хүн биечлэн очиж үздэг байсан бол энэ жил улс орон даяараа цэнхэр дэлгэцэээрээ дамжуулан наадмын нээлтээ үзэх боломжтойг албаныхан хэлж байна.

Үүнээс гадна энэ жилийн наадмын төсвийг 3.0 тэрбум төгрөг байхаар 2019 онд баталсан гэлээ. Өнөөдрийн байдлаар баяр наадмыг зохион байгуулахаар төлөвлөсөн 3 тэрбумаас 1.6 тэрбумыг зарцуулахаар төлөвлөн гүйцэтгэл санхүүжилт нь гарч байна. Өмнө жилээс онцлог зүйл нь сур, бөх, хурдан морь уралдааны газарт халдваргүйжүүлэлт хийж байгаа учраас ариутгалын тодорхой хэмжээний зардал гарч байгаа гэдгийг хэлж байна. Мөн энэ жил цар тахал гарч онцгой дэглэмийн үед үндэсний их баяр наадмаа хийж байгаа учир зарим нэг уламжлал болсон арга хэмжээнүүд зохион байгуулахгүй гэдгийг Хотын захиргаанаас мэдэгдлээ.

Мөн наадам зохион байгуулагдаж байгаа газруудад зөвхөн уралдаанд оролцох иргэд болон зохион байгуулагчид орно гэдгийг тодотголлоо. Хурдан морины уралдааны үед Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг хаах бол хот руу орох хөдөлгөөн нээлттэй байна гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Н. ЖАНЦАННОРОВ: ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ТУХАЙ ДЭЛХИЙ ДАХИНД ҮЗҮҮЛЭХ КОНТЕНТ ГАРГАЖ АВНА

дэлхийд ганцхан байдаг Монгол үндэсний наадмаа олон улсын хэмжээнд технологийн дэвшил ашиглан зохион байгуулж байгааг албаныхан тодотголоо. Тиймээс энэ жил наадмын нээлт, хүндэтгэлийн концертыг Монгол Улсын хүн амын 99.9 хувь нь өнгөрсөн жилүүдийнхээс гурав дахин илүү чанартай түвшинд хүлээж авна гэлээ. Монголын телевизүүдийн холбооны 16 телевиз үндэсний их баяр наадмыг шууд дамжуулан хүргэнэ.Та бүхэн ТВ5 телевизээр Үндэсний бөхийн барилдаанаа хүлээн авч үзээрэй.