Нийгэм

Өчигдөр орон нутгийн автозамд нийт 11 хүн осолдож амь насаа алдсан байна. Бороо ус ихтэй байгаа эдгээр өдрүүдэд үзэгдэх орчин хязгаарлагдмал, замын нөхцөл байдал тааруухан болж байгаа учраас анхаарал болгоомжтой зорчихыг цагдаагийн байгууллагаас санууллаа. Мөн бороо их орж, замын эвдрэл гэмтэл нэмэгдвэл зам хаах арга хэмжээ авна гэдгийг анхааруулж байна. 

Өчигдөр усархаг аадар бороо орсны улмаас хөдөө орон нутагт зам эвдрэн хэсэгчилэн хааж засварлах ажлыг хийж гүйцэтгэсэн. Урд шөнө зам засварын ажилтай холбоотойгоор Дарханы чиглэлийн замын хөдөлгөөнийг түр хязгаарлан өглөө 08 цагт нээсэн тул одоогоор хаасан зам байхгүй гэдгийг ТЦА-аас мэдэгдлээ. Мөн баруун аймгийг зорих иргэд их байгаагаас замын ачаалал нилээдгүй нэмэгдэж байгааг хэлж байна.

Ихэнх нутгаар бороо хуртай байгаа тул замын зорчих хэсэг, гадаргууд эвдрэл гэмтэл үүсэх тохиолдол их байна. Иймд жолоочид анхаарал болгоомжтой, хурдаа зөв тохируулж явах шаардлагатайгаас гадна аль болох орон нутгийг зорихгүй байхыг зөвлөлөө. Учир нь ойрын өдрүүдэд усархаг аадар бороотойг ЦУОШГ-аас мэдээлсэн. Тиймээс Улсын Онцгой комиссоос аадар бороо орж, аюултай нөхцөл үүссэн тул Улаанбаатар хотоос Дархан-Уул, Арвайхээр, Чойр, Мандалговь, Өндөрхаан чиглэлд зорчихгүй байхыг анхааруулсан зурвасыг иргэдийн гар утсанд илгээж байгаа юм.

Нийслэл хотод ч ялгаагүй усархаг бороо их орсон тул замын хөдөлгөөний ачаалал их байна. Тухайлбал, Барс, Нарантуул зах руу чиглэсэн хөдөлгөөн ачаалалтай байгааг хэллээ. Мөн бороо их орж байгаа учир халтиргаа гулгаа, үер усны аюулаас болгоомжлох зорилгоор зарим замыг түр хугацаанд хязгаарлах арга хэмжээ авч болзошгүйг ТЦА-аас мэдэгдэж байна.