Нийгэм

Хөвсгөл аймагт сүүлийн гурван жилд ороогүй хүчтэй аадар бороо орж аймгийн төвийн зарим хэсэг болон аялагчдын хамгийн их зорчдог Хатгал хүрэх авто зам үерт урслаа. Зорчих хэсэггүй болж иргэд боогдсон тул аймгийн цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж зохицуулалт хийж эхэллээ. Мөн үерийн улмаас дахин дамжуулах станцууд гэмтэж 10 сум гэрэл цахилгаангүй хоцорсон байна.

Сүүлийн хэдэн жилд ороогүй хүчтэй аадар борооны улмаас Мөрөн сум болон бусад сумдад үер буусан байна. Үерийн улмаас Хөвсгөл аймгийн Мөрөн сумын дэд станцид ус орж 10 гаруй сум тог цахилгаангүй 10 гаруй цаг болсон байна. Эрдэнэтийн цахилгаан дамжуулах төвөөс нэмэлт хүч очиж тог цахилгааны асуудлыг хэвийн байдалд оруулжээ.

Өнөөдрийн байдлаар Мөрөн сумын 1,2 7,8 10,13 дугаар багт их хэмжээний ус тогтсон хэвээр байгааг тус аймгийн засаг дарга Л.Ганболд мэдээллээ. 

Их хэмжээний борооны улмаас аймгаас хойш урагш хоёр чиглэлд зам сэтэрсэн байна. Мөрөн Хатгал чиглэлийн улсын чанартай зам болон урагшаа Хилэнтийн гүүр хүртэлх замууд сэтэрч хөдөлгөөн хаагджээ. 

Сүүлийн жилүүдэд ороогүй их хэмжээний үер бууж байгааг аймгийн цаг уурын газраас мэдээлсэн байна. Цаашид ус ихтэй аадар бороо орох төлөвтэй байгааг мэдээлжээ. Аймгийн онцгой комисс үүссэн нөхцөл байдалд тохируулан шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгааг албаныхан мэдээлж байна.