Америкийн сансрын 4 жуулчин ОУСС дээр ажиллаж, амьдарч байгаад дэлхийдээ эргэн ирлээ

Үйл явдал

ОУСС руу хоёр долоо хоногийн туршид зорчсон Америкийн Crew Dragon сансрын хөлгийн багийнхан эх дэлхийдээ эргэн ирлээ. Crew Dragon хөлгөөр Америкийн сансрын 4 жуулчин олон улсын станц дээр ажиллаж, амьдарч байгаад дэлхийдээ эргэн ирсэн байна. 

Америкийн Спейс Икс компанийн Crew Dragon хөлгөөр сансрын жуулчдын Аксиом-1 багийнхан сансрын уудам руу зорчоод ирлээ.

Сансрын уудмыг зорьсон Аксиом 1 багийн бүрэлдэхүүнд НАСА-гийн сансрын нисэгч асан 63 настай Лопес Алегрия, онгоцны нисэгч байсан 72 настай Ларри Коннор, 52 настай хөрөнгө оруулагч Марк Пати, мөн 64 настай Израилийн бизнесмэн Эйтан Стайп гэх хүмүүс багтсан.

Тэд ОУСС руу аялал хийхдээ тус бүрдээ 55 сая доллар төлж, аяллын багт багтжээ. Аксиом-1 багийнхан энэ сарын 8-нд ОУСС-ыг зорин хөөрч, 19-ний өдөр эргэн ирэх байсан ч тэдний хөлөг газардах ёстой Флорид мужид цаг агаар таагүй байснаас шалтгаалан нислэг нь 6 хоногоор сунжирч, 25-ны өдөр Америкийн нутагт амжилттай газардлаа.