Нийгэм

Баяр наадмын өдрүүдээр иргэд агаар салхинд гарах, голын эрэг дагуу амарч зугаалах нь ихэсдэг. Энэ жил нийслэлийн хэмжээнд 18 хүн усанд осолдож амь насаа алдсанаас зургаан хүүхэд санамсар болгоомжгүй байдлаас болж амь насаа алдсан тохиолдол гарчээ.

Иймд иргэдийн аюулгүй байдлыг хангуулах, урьдчилан сэргийлэх, заавар зөвлөмжийг өгөх, нөхцөл байдалтай танилцахаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан Туул голын эрэг дагуу амарч зугаалж байгаа иргэдэд анхааруулга, сэрэмжлүүлгийг биечлэн өгч ажиллалаа.

Зургаадугаар сарын 10-наас есдүгээр сарыг дуустал НОБГ-аас хөдөлгөөнд завьт эргүүлийг тогтмол ажиллуулж байгаа. Голын эрэг дээр амарч зугаалах үед эцэг эхчүүдийн бага насны хүүхддээ тавих хараа хяналт суларч хүүхэд усанд эндэх тохиолдол буурахгүй байна. Тиймээс ард иргэддээ үер усны аюулаас урьдчилан сэргийлэх анхааруулга сэрэмжлүүлгийг өгч ажиллаж байгаа юм. Мөн амарч зугаалахдаа хогоо ил завгай хаяхгүй байж хариуцлагтай, эерэг хандлагатай зөв сэтгэлтэй амарч зугаалахыг уриаллаа.