Нийгэм

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д. Сарангэрэл Хөвсгөл аймагт ажиллалаа. Түүний хувьд ажлаа аваад анхны томилолтыг байгалийн аялал жуулчлалын бүс нутаг болгохоор төлөвлөн тогтоол шийдвэр нь гарсан Хөвсгөл аймгаас эхэллээ. Тус аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэхийн зэрэгцээ байгаль хамгааллын асуудлыг сайжруулахад зарим нэг бодлого шийдвэр шаардлагатай байгааг хөнджээ. Мөн тухайн салбарт ажиллагсдын цалин хөлс, нийгмийн асуудал, ажиллах орчин нөхцөл дутагдалтай байгааг салбарынхан засгийн газрын гишүүнд уламжилсан байна.

ЗГ өнгөрөгч оны 8 сард Хөвсгөл аймгийг байгалийн аялал жуулчлалын, Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгох тогтоол гаргасан. Энэ тогтоолын дагуу Хөвсгөл аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэх олон шат дараатай бодлого, төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байна. Аймгийн хэмжээнд аялал жуулчлалын тулгуур төв болох зорилт тавин төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа юм. Тухайлбал нуурын эрэг дагуух жуулчны бааз, гэр буудлуудыг бохир усаа соруулдаг байх, эко ариун цэврийн байгууламж барих, хог хаягдлын менежментээ сайжруулах зэрэг олон үүрэг даалгавар, албан шаардлага гарган мөрдүүлэн ажиллаж байна. Аялал жуулчлалыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө, аяллын маршрутаа гаргаж батлуулсан анхны аймаг. Хөвсгөл аймгийн хэмжээнд 24 сумаа 5 бүс болгон хувааж аяллын маршрут гаргажээ. Ингэснээр аялал жуулчлалыг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх боломжтой гэж харж байна.

Салбарт тулгамдаж байгаа бас нэг асуудал бол ажичлдын нийгмийн асуудал, ажиллах нөхцөл байдал хүндхэн байгааг мэргэжилтнүүд учирлалаа. Хэдийгээр аялал жуулчлалын салбар хөгжиж байгаа ч илүү сайжруулах шаардлага бийг салбарын сайд онцоллоо.

Өнгөрсөн хугацаанд Хөвсгөл нуурийн эрэг дээр нүхэн жорлон барьсан, бохир усаа хаа хамаагүй асгадаг байсан явдал цэгцэрч байгаа сайн тал байна. Жил ирэх бүр нэмэгдэж байгаа жуулчдын тоо, үйлчилгээний байгууллагад хатуу шаардлага тавьж, стандартыг чанд мөрдүүлэх ёстойг салбарын сайд хэлж байна.

Мөн аялал жуулчлалаас гадна байгалийн нөхөн сэргээлтийг олон улсын стандартын түвшинд хийдэг байх, ойн сан бүхий бүсэд ойжуулалтыг нэмэгдүүлэх зэрэг олон ажил бий гэлээ.

Аялал жуулчлал, байгаль орчны салбарыг дэлхийн жишигт хүргэхэд ажилтан албан хаагчдын мэдлэг боловсрол чухал. Тиймээс ажилчдыг мэргэшүүлэх, чадавхжуулах асуудал бийг аймгийн удирдлагууд хэлж байлаа. Хамгийн наад зах нь ажилтан бүр гадаад хэлний мэдлэгтэй байж гадны жуулчдад асуудлаа хэлэх, тэдэнд туслах боломжтой болно гэж байсан юм.

Хөвсгөл аймаг гурван газрыг улсын тусгай хамгаалалтад оруулахаар төлөвлөсөн, экологийн нөөцийг нэмэгдүүлэх зэрэг олон ажил хийхээр төлөвлөжээ. Дээрх ажлуудыг засгийн газрын түвшинд дэмжиж ажиллахаа салбарын сайд энэ үеэр онцоллоо.