Нийгэм

Сэрэмжлүүлэг мэдээ байна. Өнгөрөгч амралтын өдрүүдэд гурван хүн усанд осолдон амь насаа алджээ. Голын усны түвшин нэмэгдсэн үед иргэд усанд орох, гол гатлах зэрэг шалтгаанаас үүдэж эрдэнэт хүний амь нас эрсдэж байгааг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Гол, усны түвшин нэмэгдсэн үед иргэд явганаар болон мориор, автомашинаар гол гатлах, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ сэлэх зэрэг шалтгаанаас үүдэж усанд осолдох, амь насаа алдах тохиолдол гарсаар байна. Тухайлбал, энэ сарын 18-ны өдөр Багануур дүүргийн 5-р хороонд 25 настай эрэгтэй мориор гол гатлах гэж байгаад усанд осолдож амь насаа алдсан байна. Мөн Увс болон Дархан-Уул аймагт хоёр хүн усанд осолджээ.  

Тиймээс иргэд амарч зугаалах үедээ, ялангуяа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн тохиолдолд гол, усанд орохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.