Нийгэм

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан СХД-ийн 10 хороо, Баянхошуу орчмын 3 км авто замын засварын ажлын явцтай танилцлаа. Энэхүү зам нь мастер төлөвлөгөөнд тусгагдсан стратегийн ач холбогдол бүхий хэсэг юм. Тиймээс зам засварын ажлыг цаашид хэрхэн үргэлжлүүлэх, ажил удаашрахад юу нөлөөлж байгаа зэрэг тулгамдаж буй асуудлаа тооцон 3 хоногийн дараа засаг даргийн зөвлөлөөр оруулах үүрэг чиглэл өглөө.

Энэ жилийн нийслэлийн хэмжээнд 100 гаруй авто замын төсөл, хөтөлбөр хэрэгжиж байгаа. Ажлын явц одоогоор 80 орчим хувьтай үргэлжилж байна. Гэтэл 20 орчим төсөл удааширч, зогсоход хүрчээ. Өөрөөр хэлбэл газар чөлөөлөлт, инженер техникийн шугам сүлжээнээс үүдэн зарим нэг нь удааширч байгаа бол заримынх нь зураг төсөл ч гараагүй байгааг хэлж байна.  Иймд тэвчиж болох зардлаа танан энэ жил зайлшгүй ашиглалтад оруулах шаардлагатай төслүүддээ анхаарч ажиллахыг Нийслэлийн засаг дарга бөгөөд УБ хотын захирагч үүрэг болголоо.

СХД-ийн 10-р хороо, Баянхошуу орчмын 3 км авто зам засварын ажил нь хийгдэж дууссанаар тухайн хэсгийн замын ачаалал, түгжрэл буурахад чухал ач  холбогдолтой юм. Мөн зам дагасан хөгжил буюу гэрэлтүүлэг, камержуулалт нэмэгдэж иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөл бүрдэнэ гэлээ.  

Ийнхүү авто зам засвартай холбоотой үүсээд буй асуудлыг шийдвэрлэх гарц гаргалгааг боловсруулж Засаг даргын зөвлөлийн хурлаар энэ Баасан гарагт яаралтай хэлэлцүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болголоо