Их Долоогийн улс орнууд Оросын газрын тосны импортоос татгалзах болно гэдгээ мэдэгдлээ

Улс төр

Их Долоогийн бүлгийн улс орнууд Оросын Украины эсрэг явуулж байгаа дайн тулаан, зэвсэгт мөргөлдөөний эсрэг ээлжит арга хэмжээ авч, Оросын газрын тосны импортоос татгалзах болно гэдгээ мэдэгдлээ. Энэ талаар Их Долоогийн улс орнууд ням гарагт хийсэн видео бага хурлын үеэр хэлэлцэн тогтжээ. Тэгвэл Их Долоогийн хоригтой зэрэгцээд Америк, Их Британи зэрэг орнууд Москвагийн эсрэг ээлжит шинэ хориг авахаар шийдвэрлэснээ мөн мэдээлжээ. 

Дэлхийн аж үйлдвэрлэл өндөр хөгжсөн улс орнууд болох Их Долоогийн бүлгийн орнууд оросын эсрэг ээлжит шинэ хориг арга хэмжээ авч, Оросын талыг Украины нутаг дэвсгэр лүү халдсаны төлөө өндөр үнэ төлөх ёстой гэдэгтэй санал нэгджээ. Их Долоогийн бүлгийн тэргүүлэгчдийн видео бага хуралд Украины ерөнхийлөгч Владимир Зеленский мөн оролцжээ. Их Долоогийг бүлгийг ХБНГУ тэргүүлж байгаа. Ням гарагт хийсэн видео бага хурлаар Их Долоогийн орнууд Оросын эсрэг эдийн засгийн хоригийг чангатгаж, Путиныг дэмжигч, хүрээлэгч Оросын элитүүдийн эсрэг арга хэмжээгээ мөн чангатгахаар болжээ. Энэ дагуу Оросын эрчим хүчний нийлүүлэлтээс татгалзах, тэр дундаа Оросын газрын тосны импортод хориг тавихаа мэдэгдлээ. 

Америкийн тал түүнчлэн Оросын эсрэг хоригоо дахин чангатгаж, энэ удаад Сбербанк, Газпромбанкны менежерүүд, Оросын хэвлэл мэдээллийн тэргүүлэгч гурван телевиз болох “Нэгдүгээр суваг” телевиз, Россия-1, НТВ гэсэн сувгийн эсрэг шинэ хориг арга хэмжээ авч байна. Мөн Оросын зарим нэр заасан салбарт бараа бүтээгдэхүүн экспортлохыг хоригложээ. Оросоос гадна Беларусийн нэр бүхий албан тушаалтнуудын эсрэг мөн хориг тавьсан байна. 

ЕХ мөн Оросын эсрэг нефтийн хориг тавих асуудлыг хэлэлцэж байгаа ч одоогоор тодорхой тохиролцоонд хүрч чадаагүй байна. Оросын газрын тос, байгалийн хийн нийлүүлэлтээс хамааралтай Европын орнуудын нефтийн хангамжийн аюулгүй байдлыг хэрхэн шийдэх тал дээр шийдэлд хүрч байж, Оросын эсрэг 6 дахь багц хоригийг батлахаар хэлэлцэж байгаа юм.