Нийгэм

Нийслэлийн Засаг даргын А/216 тоот захирамжаар “Урт цагаан” үйлчилгээний төвийн үйл ажиллагааг зогсоосон. Үүнтэй холбоотойгоор НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2020 оны тавдугаар 11-ний өдрийн 73 дугаар тогтоолоор “Урт цагаан” үйлчилгээний төвийн барилга байгууламжийг нийслэлийн өмчөөс хасах тухай шийдвэр гаргасан.

Энэ дагуу барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг Хот байгуулалт хөгжлийн газраас авч, хэрэгжилтийг ханган тус төвийн 1584 метр.квадрат талбай бүхий нэгдүгээр корпусын барилгыг нураах ажлыг эхлүүлсэн болохыг Нийслэлийн өмч ашиглалт, удирдлагын газрын дарга Ш.Үнэнбат хэллээ. 

“Урт цагаан” үйлчилгээний төвд үндсэн 30 түрээслэгч, 300 гаруй дам түрээслэгчид байдаг бөгөөд үндсэн түрээслэгчид тус төвийг нурааж, шинэ барилга барихыг эсэргүүцэн шүүмжлээд байгаа юм. Түүнчлэн нэр бүхий есөн аж ахуйн нэгж, иргэн нэгдэн Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргажээ. 

Түрээслэгчдийн зүгээс шүүхийн шийдвэр гараагүй байхад үйл ажиллагаа явуулан нэгдүгээр корпусыг нураах нь буруу хэмээн шүүмжилж байгаа. Харин Нийслэлийн өмч ашиглалт, удирдлагын газрын орлогч дарга Д.Рэнцэнбямбын хэлж байгаагаар НИТХ-ын тогтоол, нийслэлийн Засаг даргын захирамжаар “Урт цагаан” үйлчилгээний төвийг нийслэлийн өмчөөс хасч, нэгдүгээр корпусыг буулгах шийдвэр өнгөрсөн тавдугаар сард гарсны дагуу хуулийн хүрээнд ажилласан. НИТХ тогтоол, Засаг даргын захирамж шийдвэр нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, НИТХ-ын Тэргүүлэгчдийн нийслэлийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн хөдөлгөөн түүнтэй холбогдох бусад харилцааг зохицуулах журмын хүрээнд хийгдсэн гэдгийг онцлон хэлэв.

Дашрамд дурьдахад, “Урт цагаан”-д үйл ажиллагаа явуулдаг түрээслэгчдийг ажлын байраар хангах зорилгоор төр, захиргааны IV байран дахь нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төвд талбай гарган өгсөн. Мөн тус төвийн сууринд шинэ барилга барих концессын уралдаан зарласан бөгөөд шилдэг гурван бүтээл шалгараад байгаа. НИТХ-аар нэг бүтээлийг сонгож, үүний дагуу нээлттэйгээр тендер зарлан нийслэлийн төсвөөс хөрөнгө гаргалгүй, хувийн хэвшилтэй хамтарч барилгын ажлыг эхлүүлэх юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс