Нийгэм

Цар тахал гарсантай холбоотойгоор гадаадад байгаа иргэдээ эх оронд нь авчрахаар шат дараатай арга хэмжээг авч байгаа. Энэ сар хамгийн их буюу 14 тусгай үүргийн нислэг үйлдэж 3397 иргэнээ эх оронд нь авчрахаар төлөвлөн ажиллаж байна. Харин ирэх сараас нислэгийн тоог нэмэгдүүлж эх орондоо ирэх өргөдөл хүсэлтээ өгсөн иргэдийн 30-40 хувийг, бүр боломжтой бол 50 хувийг татан авахаар төлөвлөж байгаа гэдгээ ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдэгдлээ.

Монгол Улсын Засгийн газар болон Улсын Онцгой комиссын шийдвэрээр агаарын болон авто замын боомтыг шат дараатайгаар хааж эхэлсэн. Гуравдугаар сарын 12-ноос хилээ бүрэн хаасан юм.  Тодруулбал, нэгдүгээр сарын дунд үеэс Монгол Улсын иргэдийн амь нас, аюулгүй байдлыг хангах үүднээс урьдчилан сэргийлэхээр гадаад улсаас ирж буй хүмүүсийг нэвтрүүлэх тодорхой дүрмийг мөрдөж эхэлснээс хойш улсын хилээр орж ирсэн хүний тоо 67,000 гаруй болсон байна.  Харин нэгдүгээр сарын сарын 28-наас хойш тусгай зохион байгуулалттайгаар 14,371 иргэнийг автозам болон агаарын замаар татан аваад байгаа юм. цаашид ч гадаадад байгаа иргэдээ татан авна гэдгийг ГХЯ-наас мэдээллээ.

Энэ сард хамгийн их буюу 14 тусгай үүргийн нислэгээр 3,397 иргэнээ эх оронд нь авчрахаар ажиллаж байна. Одоогоор 55 улсаас 11,951 иргэн нутаг буцах хүсэлтээ гаргаад байгаа юм. Тусгай үүргийн онгоцоор ирэх иргэдийн бүртгэл мэдээллийг нээлттэй ил тод явуулна гэлээ. Ингэхдээ ЭСЯ-нд өргөдөл өгсөн хүмүүсийн нэрсийн жагсаалт, хугацааг тодорхой бичиж байршуулна гэлээ.

Л. МӨНХТҮШИГ:  БНХАУ РУУ ЯВАХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭД ИХ БАЙНА  

Гадаад улсаас ирэх хүсэлтэй иргэдийн өргөдөл их байгаагийн сацуу Монголоос явах хүсэлтэй иргэдийн тоо нэмэгдэж, ГХЯ-нд ирсэн өргөдлийн дийлэнх хувийг эзлэх болжээ. Ялангуяа БНХАУ руу явах хүсэлтээ илэрхийлсэн өргөдөл их байгааг хэлж байна. Уг асуудлыг шийдвэрлэхээр Гадаад харилцааны яамнаас БНХАУ-ын талтай хэлэлцэж байгаа гэдгийг Консулын газрын дарга мэдэгдлээ.