Гэмтэл бохирдлыг цэвэрлэн засч байна

Нийгэм

Дотоодын аялагчид амарч, зугаалахдаа түүх, соёлын үнэт дурсгалаа сүйтгэх, эвдэх зэрэг хууль бус үйлдэл гаргаж байгааг Соёлын өвийн үндэсний төвөөс анхаарууллаа. Тодруулбал, Тайхар чулуун дээр аялагчид өөрийн нэр, албан байгууллагын нэр, хаягыг үлдээсэн зөрчил цөөнгүй бүртгэгдсэн байна.  Иймд иргэдийг түүх, соёлын үнэт өв, дурсгалт газруудаа сүйтгэхгүй байгаль орчинд ээлтэй, хоггүй цэвэр аялахыг уриаллаа. 

Манай орон түүх, соёл, урлагийн арвин их өв баялагтай. Бид олон мянган жилийн түүхтэй дурсгалт газар, хөшөө, өв соёл, нутгийн тахилгатай уул овоогоо хайрлан хамгаалж, үр хойчдоо өвлүүлэн үлдээх учиртайг Соёлын өвийн үндэсний төвөөс санууллаа. Гэтэл Монгол Улсын иргэд нь өөрсдөө түүхийн их өв, дурсгалт газруудаа сүйтгэх, эвдэх, утга агуулгыг нь алдагдуулах, харлуулах үйл ажиллагааг хийсээр байгаа юм. 

Хамгийн эхний жишээ болох аялагчдын элдэв зүйл бичсэн Тайхар чулууны гадаргуу хэсгийн механик бохирдол болох будаг, сүү тосны бохирдол хими биологийн гэмтлээс хамааралтай чулуулгийн өгөршил, өнгөнй гандалт, хүрээлэн буй орчны анхан шатны эрсдэлийг тодорхойлж, эдгээр гэмтэл бохирдлыг цэвэрлэх, хадан дээрхи бичгийн дурсгалыг бэхжүүлэх аргазүйг боловсруулан ажиллаж буйг Соёлын өвийн үндэсний төвөөс мэдээллээ. Мөн иргэд түүхэн дурсгалдаа хүндэтгэлгүй хандаж, элдэв зүйлээр бохирдуулах нь тухайн түүхэн өвийг сэргээн засварлах боломжгүй болгох, цаашлаад үнэт өв устахад хүрдэг гэлээ. Үүнээс гадна түүхийн дурсгалыг ингэж бохирдуулах нь хууль бус үйлдэл гэдгийг тодотголоо.

Түүхийн үнэт дурсгалыг сүйтгэсэн, эвдсэн тохиолдолд зөвхөн Зөрчлийн тухай хуулиар  торгуулиад өнгөрөх бус хүндрүүлэх зүйл заалттай бол Эрүүгийн тухай хуулиар хорих ялтай байдаг.  Тухайлбал, Эрүүгийн тухай хуулийн 25-р зүйлд түүх, соёлын дурсгалт зүйлсийг эвдэх, гэмтээх, устгах, улсын хилээр нэвтрүүлэх, соёлын биет өвийг завших, үрэгдүүлэх, хууль бусаар археологи, палентеологийн хайгуул, малтлага хийх, хууль бусаар худалдаалах, зуучлах зэрэг тохиолдолд 6 сараас 8 жил хүртэл хорих ялтай байдаг байна. Иймд өнө эртнээс уламжлагдан ирсэн Монголын үүх, түүх, соёл, уламжлалыг илэрхийлэх үнэт өв, дурсгалт газруудаа хайрлан хамгаалж байгальд ээлтэй аялж зугаалцгаая.