Нийгэм

Иргэд гол усны хажууд завьтай амарч зугаалах нь элбэг. Гэтэл хэрэглэж байгаа завь нь чанарын шаардлага хангасан стандартад нийцсэн байж чаддаг уу? Энэ талаарх сурвалжлагыг бид бэлтгэлээ. Иргэдийн дийлэнх нь чанарын шаардлагад нийцэхгүй завь бүр цаашлаад хийлдэг гудсан дээр хүүхдээ тоглуулдаг гэдгийг аврагчид хэлж байна.

Зуны халуун өдөр голын эрэг зорих иргэд олон. Гэвч тэд голд сэлж, завьтай зугаалахдаа хоромхон зуурт анхаарал болгоомж алдахад амь нас нь эрсдэх аюултайг үл анзаарсаар. Он гарснаас хойш өнөөдрийг хүртэл усны ослоор 20 хүн энджээ. Голын эрэг дээр тоглож наадаж байгаа энхрий бяцхан үрс, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усан орсон залуу, голын усыг гүехэн гэж бодон хөл алдах хүмүүс бүгд л анхаарал болгоомжгүйгээсээ болж амиа алдсан байна. Үүнээс гадна иргэдийн хайхрамжгүй ханддаг зүйл бол чанарын шаардлага хангахгүй хийлдэг завь, хийлдэг гудас, хөвөгч зэргийг ашиглан хүүхдээ тоглуулдаг явдал юм.  

ТӨРБАЯР: ХИЙЛДЭГ ЗАВЬ ХӨМРӨХ, ХАГАРАХ ТОХИОЛДОЛД ЭЦЭГ ЭХЧҮҮД ГОЛ ДАГАЖ ГҮЙХЭЭС ӨӨР ЮМ ХИЙЖ ЧАДДАГГҮЙ 

Санамсаргүйгээр завь хагарах, хөмрөх тохиолдолд эцэг эхчүүд гол дагаж хоосон гүйхээс өөр хийж чадах зүйл байдаггүй. Тиймээс анхнаасаа болгоомжтой байх ёстой гэдгийг аврагчид хэлж байна. Мөн голын урсгал ус, тогтоол ус, нуур, бассейн нь хоорондоо маш их ялгаатайг тодотголоо. Учир нь бассейн, нуур зэрэгт хийлдэг завь хэрэглэхэд эрсдэл бага байдаг. Харин сүүлийн үед бороо хур ихтэй, үертэй байгаа учир усны урсгал ширүүсч хийлдэг завь, гудас гэх мэтийг хөмрөх эрдсэлтэй болохыг аврагчид анхааруулж  байна.

Гол усны эрсдлээс үүдэн амиа алдсан иргэдийн дийлэнх нь бага насны хүүхэд байгаа нь эцэг эхчүүдийн хараа хяналт сул байгаатай шууд холбоотой юм. Мөн ОБЕГ-т ирж байгаа тусламжийн дуудлагын дийлэнхийг нь хүүхэд усанд осолдсон гэх дуудлага байгааг онцоллоо. Завьт эргүүлийнхэн 36 цагийн хугацаанд 54 км-т хяналт тавин ажиллаж байна. Эргүүлүүд шаардлага хангахгүй завь, хийлдэг гудас зэргийг ашигласан тохиолдолд хураан авах арга хэмжээ авдаг гэлээ.

Нэг завьт эргүүл ЭМЯ, цагдаа, аврагч ахлагч гээд доод тал нь 7 хүний бүрэлдэхүүнтэй явдаг байна. Тэд 6 сарын 10-наас хойш 267 иргэний амь насыг авран хамгаалж, өдөрт 500 гаруй хүнд ослын сэрэмжлүүлэг зөвөлгөө мэдээлэл хүргэж ажилладаг байна.  Мөн өглөө 9 цагаас эхлээд 21 цаг хүртэл ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хангахын төлөө ажиллаж байна. Иймд иргэдийг гол усны аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд чанарын шаардлагад нийцэхгүй завь, хийлдэг гудас зэргийг ашиглахгүй байх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх, бага насны хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулахыг албаныхан анхааруулж байна.