Нийгэм

Энэ жил улс, нийслэлийн төсвөөр 52.8 км хатуу хучилттай зам тавигдаж 17.6 км автозамын шинэчлэл, засварын ажил явагдаж байна. Өөрөөр хэлбэл, нийслэлийн хэмжээнд авто замтай холбоотой 100 гаруй төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаа гэсэн үг юм.  Эдгээр засварын ажлуудыг замын ид ачаалал нэмэгдэх үе буюу 9 сараас өмнө дуусгахаар төлөвлөж байгааг нийслэлийн засаг даргын орлогч мэдэгдлээ.

Энэ жил цар тахал гарч нийгэм, эдийн засаг хямарч байгаа ч их хотын засвар, шинэчлэл, тохижилтын ажлуудыг тасалдуулахгүй хийж гүйцэтгэхээр зорин ажиллаж буйгаа нийслэлийн захиргаанаас мэдэгдлээ. Гэвч иргэд зөвшөөрөлгүй газар хашаа татснаас үүдсэн газар чөлөөлөлтийн асуудал зарим ажлыг удаашруулахад нөлөөлж байгааг хэлж байна.  

Мөн энэ жил хийгдэж байгаа замын ачаалал түгжрэлийг бууруулах нэг том бүтээн байгуулалт бол Баянзүрх дүүргийн 13,26 хороо Ахмадын хорооллын орчмын Нарны зам, Дүнжингаравын авто замыг холбосон төмөр зам доогуурх явган зорчигч, автомашинд зориулсан нүхэн гарц барих ажил юм. Энэхүү зам ашиглалтад орсноор Нарны замын ачааллыг Дүнжингарав руу хуваахаас гадна Офицеруудын ордны тойргоор заавал тойрохгүйгээр уг босоо тэнхлэгийн замаар зорчих боломж бүрдэх юм.

Зам засварын ажилтай холбоотойгоор зарим замыг хэсэгчилэн хаахаар байна. Тухайлбал, Баянбүрдийн тойрог орчмын шугам суурилуулалт хийгдэж байгаатай холбоотойгоор ирэх долоо хоногт Баянбүрдийн тойргоос Дөлгөөн нуур хүрэх замын баруунаас, зүүн чиглэлийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хаана. Мөн Бямба гаригийн 13.00 цагаас Ням гаригийн 06.00 цаг хүртэл Дэнжийн мянгын замыг хааж, дулааны шугам суурилуулна. Тиймээс жолооч нар мэдээлэл авч хөдөлгөөнд оролцох, аль болох зам хаасан хэсгээр зорчихгүй байх шаардлагатайг санууллаа.