Нийгэм

Одоогоос 50 жилийн өмнө байгуулагдсан Монголын хамгийн анхны “Соёл Эрдэнэ” хамтлаг, Монголын хамгийн отгон хамтлаг болох Хү хамтлагийн уулзалт боллоо. Ахмад үеэсээ туршлага судлах, урлаг уран бүтээлийн тухай зөвлөлдөх энэ уулзалтыг МУАЖ Д. Ухнаа гуай санаачилжээ.

Тавин жилийн өмнө буюу 1970 онд Монголын  хамгийн анхны мэргэжлийн дуу хөгжмийн хамтлагийг Б. Наранбаатар нарын 4 ятгачин залуус санаачилж байжээ. Б. Наранбаатар, Б. Эрдэнэхуяг, Д. Цэрэнбат, Ж. Батсайхан, Д. Галсанбат, Г. Жаргалсайхан гэсэн 20 гаруйхан настай залуус нэгдэж Соёл Эрдэнэ хамтлагийг байгуулж байсан түүхтэй. Тэд анх удаа Монгол ардын дууг эстрад хэв маягт оруулж дуулан Монгол Улсын урлагийн салбарт нэгэн шинэ өнгө төрх нэмж байжээ. Өнөөдөр хамтлагийн ахмад уран бүтээлчид Монголын хамгийн отгон хамтлаг болох “Хү” хамтлагийн гишүүдтэй уулзаж, хойч үедээ захиас сургаалиа хэлж, дурсамж дурдатгал, урлаг уран бүтээлийн тухай яриа өрнүүллээ.

Авъяас чадвар, өвөрмөц өнгө төрхөөрөө Монголчуудыг төдийгүй дэлхий нийтийн анхаарлыг татаж байгаа Хү хамтлагийн авьяаслаг уран бүтээлчдээр бахархаж байгаагаа ахмад уран бүтээлчид илэрхийлж байна. Монгол өв соёлоо дэлхийд таниулж, сурталчилж, түгээж байгаа залуу уран бүтээлчдэдээ талархаж байгаагаа Соёл Эрдэнэ хамтлагийн гишүүд ярьж байлаа. Ахмад үеийнхний захиас сургааль, заавар зөвлөгөө үнэтэй гэдгийг хамтлагийн гишүүд онцолж байна.

Соёл Эрдэнэ хамтлаг байгуулагдсанаасаа хойш Монгол Улсын бүх аймаг сумдад 2-3 удаа, мөн гадны улс орнуудад айлчлан тоглосон. Өнгөрсөн 50 жилийн хугацаанд МУАЖ Д. Ухнаа хамт байж, 1385 тоглолтыг хөтөлж байжээ. Монголын ууган болон отгон хамтлагийн уулзалтыг МУАЖ, ОХУ-ын Буриад улсын УГЗ, СУИС-ийн хүндэт профессор Л. Ухнаа санаачилжээ.

Өнөөдрийн уулзалт ахмад үеэсээ туршлага судалсан, залуу үедээ зааж зөвлөсөн өгөөжтэй уулзалт болж байгааг хамтлагийн гишүүд ярьж байлаа.