Нийгэм

НОБГ, Байгаль орчны газар, эрүүл мэндийн газар, мэргэжлийн хяналт зэрэг байгууллагууд өнөөдөр мэдээлэл өглөө. Ингэхдээ нийслэлийн хэмжээнд усанд осолдох, амны хаалт зүүхгүй байх, гэрт тусгаарлагдаж байгаа иргэд гадуур явах, бүртгэлтэй хаяг дээрээ байхгүй байх зэрэг зөрчлүүд их илэрч байгааг хэлж байна.

Энэ зун олон жилийн дунджаас ахиу хур тундас орох төлөвтэй байгаа. Тэр ялангуяа 7-8 сард хур бороо ихтэй байхыг УЦУОШГ-аас мэдээлсэн. Усархаг бороо ихтэй байгаа учир голын усны түвшин нэмэгдэж үерийн аюул нүүрлээд байгаа. 6 сарын 15-ны өдрөөс эхлэн завьт эргүүл ажиллаж одоогийн байдлаар 280 орчим иргэний амь насыг авран хамгаалжээ. Гэсэн ч ард иргэд хайхрамжгүй хандаж усанд осолдон амиа алдсан 20 гаруй тохиолдол бүртгэгдээд байгаа юм. Одоогоор усанд осолдсон 3 иргэнийг эрэн хайх ажил үргэлжилж байгааг албаныхан хэлж байна. 

Үүнээс гадна нийслэлийн хэмжээнд гарч буй бас нэгэн асуудал бол тусгаарлах байрнаас гарч гэрийн ажиглалтад шилжсэн иргэд болоод байна. Тэд бүртгэлтэй гэрийн хаяг дээрээ байхгүй байх, олон нийтийн газраар явах, утас нь холбогдохгүй байх зэрэг зөрчлүүд гаргаж байгааг тодотголоо. Мөн иргэдийг амны хаалтаа тогтмол зүүж сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа.

Өнгөрсөн 14 хоногийн байдлаар нийт 21 амьтны дуудлага мэдээлэл НБОГ-т ирсэн байна. Ихэвчлэн бамбай хоншоорт хортой могойн дуудлага иржээ. Тиймээс иргэдийг могой харсан даруйдаа нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Шуурхай удирдлага, зохицуулалтын төвд яаралтай мэдэгдэхийг анхааруулж байна.  Мөн самарны болц гүйцээгүй байхад түүхгүй байх, ой модонд зугаалахдаа анхаарал болгоомжтой байхыг санууллаа.