Нийгэм

Монгол улс “Хөхүүрийн айраг исгэх уламлжлал, холбогдох зан үйл”-ийг ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэн авснаас хойш зохиогдож буй анхны Айрагны баяр өнгөрсөн амралтын өдөр Булган аймгийн Сайхан сумын нутагт боллоо. Айрагны баярт БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл, АНУ-ын элчин сайд Майкл С. Клечески нарын зочид, төлөөлөгч оролцлоо.

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл хэлэхдээ “Өнөөдөр зохион байгуулагдаж байгаа айрагны баяр нь наадам гэхээсээ илүү аялал жуулчлалын томоохон үйл явдал юм. Монголынхоо уламлжлал, ёс заншил тэр дундаа цагаан идээнд суурилсан аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийг бид эрэлхийлж байгаа. Тиймээс энэхүү айрагны баяр нь энгийн нэгэн баяр бус. Харин цаашид гадаадын жуулчдыг татах, өв соёл уламжлалаа дэлхийд сурталчилан таниулах олон боломж нээгдэнэ гэж бид харж байна.

Айрагны баяр өнгөрсөн амралтын өдөр Булган аймгийн Сайхан сумын нутагт боллоо

Түүнчлэн Монгол улсын хэмжээнд хөхүүрийн айраг бэлтгэдэг 238 өвлөн уламжлагч байдаг. “Айрагны баяр”-ыг уламжлал болгон зохион байгуулахын нэг ач холбогдол нь өвлөн уламжлагчийн тоог нэмэгдүүлэх, залуу үедээ хөхүүрийн айраг исгэх, бэлдэх арга ухааныг өвлүүлэхэд нэн чухал ач холбогдолтой юм. “Айрагны баяр”-ыг зөвхөн Монгол улсын хэмжээнд бус Зүүн Азийн хэмжээнд зохион байгуулж хүрээг нь тэлэхээр холбогдох албаны хүмүүс ажиллаж байгаа” гэдгийг баярын үеэр хэлсэн.

Эх сурвалж: БОАЖЯ