Архив...

Нийгэм

Сүүлийн 24 цагийн мэдээгээр Ковид-19 цар тахал дэлхийн 216 улс орон нутаг дэвсгэрт бүртгэгдээд байна. Нийт 23 812 853 хүн халдвар авснаас 817 016 нь амь насаа алджээ. 16 сая гаруй хүн эдгэрсэн мэдээллийг ДЭМБ-аас гаргаад байна. Харин сүүлийн 24 цагийн хугацаанд 253 мянга гаруй шинээр халдвар авч, таван мянга гаруй хүн халдвар авч амь насаа алдсан тухай мэдээллийг өгч байна. тухайлбал ОХУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд 4744 хүн шинээр халдвар авч халдварын улмаас 65 хүн эндсэн тухай эрүүл мэндийн байгууллагаас өгч байна.

БНХАУ-д 23 тохиолдол шинээр бүртгэгдснээс 14 нь гадаад улс орноос зөөвөрлөгдөн орж ирсэн гэж үзэж байна. Япон Улсын хувьд 493 хүн сүүлийн 24 цагийн дотор шинээр халдвар авч бүртгэгдлээ.

БНХАУ БОЛОН ЯПОН УЛСАД ХАЛДВАРЫН ТОХИОЛДОЛ НЭМЭГДСЭЭР БАЙНА

Халдвар авсан 13 хүн эндсэн байна. Шинээр халдвар авагсдын тоо буурч байгаа боловч нас баралт тогтмол хэвээр байгааг эрх баригчид мэдээлжээ.

БНСУ-Д АРД ИРГЭДИЙГ АМНЫ ХААЛТ ЗҮҮХ ШААРДАХ БОЛЖЭЭ

БНСУ-ын хувьд 280 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Эдгээрээс 16 тохиолдлыг зөөвөрлөгдөн орж иржээ. Тус улсад халдварын тохиолдол эргэн нэмэгдсээр байгаа юм. Тиймээс эрүүл мэндийн байгууллагын зүгээс ард иргэдийг амны хаалт зүүж, хүн хоорондын зай барихыг шаардах болсон байна. Мөн ДЭМБ-аас иргэдийн үүрэг оролцоо чухлыг онцолсон учраас бие биедээ шаардлага тавихыг зөвлөж байгаа юм байна.

ТОМУУГИЙН ВАКЦИН ЗААВАЛ ХИЙЛГЭХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА

Улирлын томуугийн вакциныг хүн бүр хийлгэх шаардлагатайг АНУ-ын Пенсилвани мужийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөх болжээ. Учир нь цар тахал томуутай зэрэгцвэл ямар эрсдэл, хүндрэл үүсэхийг тааварлашгүй гэж судлаачид үзэж байна. Тиймээс хүн бүр томуугийн вакцин хийлгэх хэрэгтэй гэжээ.

ХОНГКОНГТ ХАЛДВАР АВЧ ЭДГЭРСЭН ХҮН 142 ХОНОГИЙН ДАРАА ДАХИН ХАЛДВРААР ӨВЧИЛЖЭЭ

Хонгконгт халдвар авч эдгэрсэн 33 настай эрэгтэй эхний халдвар авснаас хойш 142 хоногийн дараа дахин өвчилсөн байна. ингэхдээ шинж тэмдэггүй өвчилсөн тухай эрүүл мэндийн байгууллагаас мэдээлж байна.

ӨВЧЛӨЛ БУУРЧ БАЙСАН ОРНУУДАД халдвар эргэн нэмэгдэж байна   

Сингапур ажилчдын байранд сар гаруй хугацааны дараа дахин халдвар гарсан байна. Одоогоор 51 хүн цар тахлаар өвчилсөн тухай мэдээлжээ. Ажилчдын байранд хэд хэдэн удаа халдвар гарч байсан ч ариутгал, халдваргүйжүүлэлт хийж, ажичлдыг нүүлгэн шилжүүлснээр халдваргүй болгосон. Гэсэн хэдий ч дахин халдвар гарсан онцгой тохиолдол гэж Сингапурын эрүүл мэндийн байгууллага, эрдэмтэн судлаачид онцолжээ.

ЕВРОПЫН ЗАРИМ УЛСАД АМНЫ ХААЛТ ЗҮҮХ, ЗАЙ БАРИХЫГ БҮХ ШАТНЫ БАЙГУУЛЛАГАД МӨРДҮҮЛЖ БАЙНА

Европын зарим улсад халдвар дахин гарч эхэлсэн. Үүнтэй холбоотой зарим арга хэмжээг авч эхлээд байгаа юм. Тухайлбал Чех, Грек зэрэг улсад амны хаалт заавал зүүх, бүх шатны байгууллага хүн хоорондын зай баримтлахыг шаардаж мөрдөж эхэлжээ.

ЗАРИМ УЛС ОРНУУД СУРГАЛТАА ЦАХИМ ХЭЛБЭРТ ШИЛЖҮҮЛЛЭЭ  

АНУ-ын зарим муж, Мексик улс их дээд болон ерөнхий боловсролын сургалтыг цахим хэлбэрт шилжүүлсэн байна. Энэ нь бөөгнөрөл үүсгэхгүй, дахин халдвар тараахгүй байх боломжтой гэж албаныхан мэдээлжээ.