Нийгэм

Нийслэл Улаанбаатар хот газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд тооцогддог. Жилд бүртгэгддэг чичиргээний тоо ч нэмэгджээ. Хэрвээ 7 баллын хүчтэй газар хөдлөлт болвол хотын хүн амын 40 гаруй хувь нь өртөж, барилга байшингуудын 40 хувь нь нурж сүйдэх тооцоог ч мэргэжлийн байгууллага гаргажээ. Тийм учраас газар хөдлөлтийн аюулаас сэргийлэх эхний арга алхмуудыг иргэдэд зааж өгөх. Мэдээ мэдээллээр тогтвортой хангах шаардлагатай байгааг онцгой байдлын аврагчид онцолж байна.

Улаанбаатар хотод долоогоос  дээш магнитудын хүчтэй газар хөдөлсөн тохиолдолд хотын хүн амын 20-30 хувь нэрвэгдэх тооцоолол судалгаагаар гарсан.  Газар хөдлөлтийн давтамж манай улсад сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байгааг албаныхан ярьдаг. Энэ онд гэхэд л Монгол орны нутаг дэвсгэрт нийт 36 мянга гаруй газар хөдлөлт бүртгэгдсэн бол нийслэл Улаанбаатар хотод 2020 оны нэгдүгээр сарны нэгнээс 7-р сарын 31-нийг хүртэл 900 гаруй бүртгэгджээ. Газар хөдлөлтийн давтамж жил ирэх бүр нэмэгдсээр 2005 оныхтой харьцуулахад  10 дахин өссөнийг мэргэжилтнүүд ярьж байна. 

Хүчтэй газар хөдлөлт болоход Улаанбаатар хотын нийт барилгын 40 гаруй хувь нь нурах эрсдэлтэй гэсэн судалгаа гарсан байдаг. Улаанбаатар хотод баригдсан нийт барилга байгууламжийг хийцээр нь ангилвал, тоосгон барилга 61 хувь, угсармал барилга 18 хувь, төмөр бетон хийцийн барилга 16 хувь, модон хийцийн барилга 2 хувь, метал хийцийн барилга 2 хувийг эзэлдэг байна. Өнөөдөр Улаанбаатар хотод 500 гаруй барилга газар хөдлөлтөд тэсвэргүй, шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гарсан байдаг. Газар хөдлөлтөд тэсвэргүй барилгуудын дийлэнх нь тоосгон болон модон хийцтэй, ашиглалтын хугацаа дууссан барилга байдаг байна. БЗД, Чингэлтэй, Хан-Уул дүүрэг орчим газар хөдлөлтөд тэсвэргүй барилга нэлээд байдаг гэлээ. 

Хамгийн гол нь газар хөдлөлтийн гамшгийн эрсдлийг иргэд, олон нийтэд таниулж, сэрэмжлүүлж, сургалт зохион байгуулж мөн судалгаа шинжилгээний ажлаа нэмэгдүүлж, салбар хоорондын үйл ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах хэрэгтэйг албаныхан ярьж байна.