Нийгэм

15 мянга гаруй төмөр замчдын бяцхан үр хүүхэд сурч хүмүүждэг 185-р цэцэрлэг халдвар хамгааллын дүрэм журмаа баримтлан хичээлийн шинэ жилээ эхлүүллээ. Эрүүл мэндийн яамнаас өгч байгаа заавар зөвлөмжийг сайтар биелүүлж, хүүхдийг халдварт өвчнөөс хамгаалах бүх ажлыг бүрэн гүйцэтгэсэн байна. 185-р цэцэрлэгийн багш нар үр хүүхэддээ санаа зоволтгүй тайван ажлаа хийгээрэй гэж эцэг эхчүүдэд дуулгалаа.

Өндөржүүлсэн бэлэн байдлын үед цэцэрлэгт хоёр настнуудыг хамруулаагүй. Харин таван настнуудыг бүрэн хамруулж, 3-4 настнуудын 50 хувийг авч байгаа юм. Энгийн үед цэцэрлэгийн нэг анги дунджаар 50-60 хүүхэдтэй байсан. Харин үүнийг мөн л нэг ангид 25 хүүхэд байхаар анги хуваарилалтыг хийгээд байгаа юм. 185 дугаар цэцэрлэгийн хувьд 325 хүүхдийг 13 бүлэгт хуваан сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг бүрэн хамруулжээ.

Цэцэрлэгүүдийн хувьд урлаг болон спорт зааландаа таван настнуудыг авсан байна. УБТЗ-ын “Ирээдүй” цэцэрлэгийн хувьд хүүхдүүдээ авахаас өмнө ариутгал, халдваргүйтгэл хийж, хүүхэд хоорондын зайг баримтлах зэрэг журмын дагуу бүхнийг бэлтгэжээ. Хүүхдүүдийн хэрэглэх гар угаалтуур, суултуур зэргийг ч зайтай байхаар төлөвлөсөн байлаа.