Нийгэм

Улсын ууган сургуулиудын нэг гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай Хан-Уул дүүргийн 18-р сургуулийн хичээл эхэллээ. Дөрвөн хэлээр хичээл орж, сургалтын таатай орчин бүрдүүлэхэд сургуулийн эрхэм зорилго оршдог. Хэдийгээр коронавирусээс хамгаалж суралцах дүрэм журам өөрчлөгдөж байгаа ч сургалтын чанарт нөлөөлөхгүй гэдгийг багш нар хэлж байна.

Улсын тэргүүний 18-р сургуулийн багш хамт олон шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлт нөхцөл байдлыг даван туулахад нэг өдрийн цалингаа УОК-т хандивлаж байсан. Тэгвэл хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбоотой танхимын сургалтыг явуулахдаа халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиулж, онцгой комиссын заавар зөвлөмжийг чанд мөрдөж байгаа гэдгээ онцолж байна.

Тус сургууль нь нийт 120 гаруй багш ажилтантай. Багш нарын тухайд хүүхдийн халуун хэмжих, ариутгал халдваргүйтгэлийн ажлыг өөрсдөө хийж байгаа гэлээ. Мөн хүүхдүүдийн үдийн цайг цайны газрын тусгай мэргэжилтэн өөрөө тарааж байна.

Гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 18-р сургууль нь 1956 онд үйл ажиллагаагаа эхлүүлж байжээ. Ижил чиглэлийн сургуулиудаас зургаан хэлийг гүнзгийрүүлэн заадаг гэдгээрээ онцлогтой юм. Цар тахлын эрсдэлээс сэргийлэн онцгой дэглэмд хичээл сургалтын үйл ажиллагааг явуулж байгаа ч сургалтын үр дүн өөрчлөгдөхгүйг онцолж байлаа.