Нийгэм

Манай улсад уур амьсгалын өөрчлөлт хүчтэй мэдрэгдэж энэ янзаараа үргэлжилбэл нийт газар нутгийн 80 гаруй хувь нь элсэн цөл болно гэдгийг эрдэмтэд тогтоогоод байна. Гэвч өнөөдрийг хүртэл дорвитой арга хэмжээ авч чадахгүй хэвээр байгааг судлаачид хэллээ. Сүүлийн 70 жилийн дунджыг аваад үзвэл манай улсад дулаарал 2.2 хувьд хүрсэн байна. Энэ өөрчлөлтийн улмаас ган гачиг, үер ус, зуд турхан зэрэг байгалийн гамшгийн давтамж нэмэгдэх болжээ.

Дэлхий нийтийн цаг уурын 100 жилийн төлөв байдлаас дундажлан гаргасан судалгаагаар дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт 0.9 хувьтай байна. Харин манай улсын уур амьсгалын өөрчлөлт дээрх үзүүлэлтээс 1.3 дахин их байгааг албаны хүн хэллээ. Энэ нь эрс тэрс уур амьсгалтай манай улсад зундаа ган гачиг, өвөлдөө зуд турхан нэмэгдэх болсны гол шалтгаан гэдгийг тайлбарлаж байна. 

Жил ирэх тусам ган, зуд гэх мэт гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэж байгаа тул иргэд төдийгүй, эрх баригчид ч анхааралтай байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлдэг байх хэрэгтэйг хэллээ. Энэ өвлийн ерөнхий төлөв байдал албан ёсоор гараагүй байгаа ч баруун аймгуудаар цас эрт унаж, цаг агаарын гамшигт үзэгдэл их байх төлөвтэй байгааг онцоллоо.

ГАН, ЗУД ГЭХ МЭТ ГАМШИГТ ҮЗЭГДЛИЙН ДАВТАМЖ СҮҮЛИЙН ЖИЛҮҮДЭД НЭМЭГДЭЖ ЭХЭЛЖЭЭ

Цаашид дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт өнөөдөр байгаа түвшнээс улам бүр нэмэгдэнэ гэдгийг олон улсын судлаачид тогтоожээ. Тиймдээ ч дэлхийн өндөр хөгжилтэй улсууд цаг агаарын төлөв байдлыг онцгой анхаарч гамшигт үзэгдэл үер усны улиралд ядаж л борооны цув үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн бэлтгэл байдлаа хангадаг байна. Манай улс ч дээрх нөхцөл байдлыг онцгой анхаарч шат шатандаа уялдаа холбоогоо сайжруулж, малчид тариаланчид ч цаг агаарын төлөв байдлын мэдээнд анхаарах анхаарлаа нэмэгдүүлэхийг албаны хүн зөвлөж байна.