Нийгэм

Малын гаралтай түүхий эдийн үнэ унаж, зарим үед дотор, хонины ноос, толгой шийр гээд хог дээр хаягдаж эхэлсэн. Тодорхой жишээг эмээлт зах дээрээс бэлтгэсэн сурвалжлагаар ч үзэгч танд хүргэсэн. Тэгвэл малын гаралтай түүхийг эдийг хэрхэн үнэд хүргэх вэ гэдгийг Улсын их хурлын гишүүдээс эхлээд энэ салбарт ажиллаж байгаа бизнесмэнүүд хөндөж эхэллээ. Хайран баялгаа хог болгож хаяхгүйн тулд төрийн бодлогоос эхлээд төрөл бүрийн арга байгааг онцолж байна.

Малын гаралтай түүхий эд, ялангуяа арьс ширний үнэ боодол бохьтой адил болсон нь технологийн хоцрогдолтой холбоотой. Өөрөөр хэлбэл технологийн бус аргаар арьс шир бэлтгэж байгаа учраас үнэгүйдэхэд хүрч байна. Ганцхан жишээ дурдахад малын арьсны эдэд шарх, сорви үүсгэсний улмаас жилдээ нэг сая арьсыг шууд хаяж байна.  

Д.БАЯРСАЙХАН: ЖИЛДЭЭ НЭГ САЯ ШИРХЭГ АРЬСЫГ ХОГ ДЭЭР ХАЯЖ БАЙНА

Зөв бодлого хэрэгжүүлж чадвал салбарын орлогыг 10 дахин нэмэгдүүлэх боломж бий гэсэн судалгааг ч холбогдох газраас хийжээ. Шийдэл нь  Арьс шир, ноос ноолуур боловсруулах үйлдвэр бөгөөд зургаан жилийн өмнө төсөл хэрэгжүүлж эхэлсэн байна. Төслийн хүрээнд нийт дөрвөн бүсэд хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк барихаар болсон. Эхнийх нь Налайхад баригдаж, үр дүнгээ ч өгч эхэлсэн байна. Харин 2 дахь төслийг эхлүүлэхээр мэргэжлийн байгууллагууд уулзалт хийлээ.

Хөнгөн үйлдвэрүүд нь ихэвчлэн анхан шатны боловсруулалт хийж байна. Тэгвэл Эмээлтэд баригдах технологийн парк нь эцсийн бүтээгдэхүүн гаргах үндсэн чиглэлтэй. Тухайлбал  8.3 сая ширхэг арьс шир боловсруулж, 22000 тонн ноос ноолуур угаахаас гадна үүнийг дагаад ажлын байрч нэмэгдэх тооцоо ч гарчээ.

Арьс ширний үнэд бус чанарт анхаарч худалдан авалт хийхийг аж ахуй нэгжүүд чухалчилдаг. Хямд үнээс илүү чанарт анхаарал хандуулдаг гэсэн үг. Хэрэв энэ асуудлыг шийдэж чадвал малын гаралтай түүхий эд, арьс ширний үнэ нэмэгдэх боломжтой. Тиймээс ч технологийн парк байгуулах тухай санал гарч, ийнхүү ажил хэрэг болгохоор зорьж байна.

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ