Нийгэм

Хөвсгөл аймгийн Жаргалант суманд хоёр хүнийг буудан хороосон хэрэг гарлаа. Мөрдөн байцаагчдын анхны дүгнэлтээр бэлчээр булаацалдсаны улмаас нэгнийхээ аминд хүрсэн байж болзошгүй гэж үзэж байгаа юм. Хүний амь нас хохироож, галт зэвсэгтэй зугтсан этгээдийг эрэн сурвалжилж байна.

Өчигдөр буюу 2020 оны есдүгээр сарын 9-ний орой Хөвсгөл аймгийн цагдаагийн байгууллагад Жаргалант суманд буун дуу гарлаа гэх дуудлага мэдээлэл ирсэн байна. Дуудлагын дагуу холбогдох албаныхан очиход хоёр хүн буудуулж амь эрсдсэн байдалтай олдсон байна. Тус хэргийг үйлдсэн байж болох сэжигтэн зугтсан учраас эрэн сурвалжилж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Будуулж амиа алдсан хүмүүсийн хувьд гэр бүлийн хоёр байсныг цагдаагийн байгууллагаас хэлж байна.

Албан бус эх сурвалжын хэлж байгаагаар, өмнө нь бэлчээрийн асуудлаас үүдэн маргалдаж байсан гэх мэдээллийг өгч байна. Хэрэг гарах үед нэг эмэгтэй зугтаж амь гарсан гэдгийг аймгийн засаг дарга мэдээллээ. Хэргийн талаар ЦЕГ-аас шалгаж байна гэснээс өөр мэдээлэл өгсөнгүй.