Нийгэм

Хилийн чанадад онгоцны тийз авах байтугай хоноглох газаргүй гудамжинд гарсан 140 монгол иргэн байна. Санхүүгийн хүндрэлд орсон эдгээр хүмүүсийг Монгол Улс яаралтай авахаар ажиллаж байгааг Гадаад харилцааны яамнаас мэдээллээ. Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагуудтай харилцаа тогтоосноос гадна үнэхээр хүнд байдалд орсныг илтгэх бичиг баримт бүрдүүлж байгааг онцоллоо. 

Цар тахал гарсантай холбоотойгоор гадаад улсад гацаж санхүүгийн хүнд байдалд орсон иргэдийг эх оронд нь авчрахад 300 сая төгрөг зарцуулахаар болсон. Ингэхдээ УОК-т иргэд, ААН-үүдээс төвлөрсөн хандивын хөрөнгөөс Цар тахлын эсрэг нэг удаагийн хуулийн холбогдох заалтын дагуу Гадаад харилцааны сайдаас УОК-ын даргад хүсэлт хүргүүлсэн байсан. Энэ дагуу 300 сая төгрөг шийдэгджээ. 

Л. МӨНХТҮШИГ: САНХҮҮГИЙН ХҮНДРЭЛД ОРСОН ОЛОН ИРГЭНД ТУСЛАМЖ ХҮРГЭХ ЗАРЧМЫГ БАРИМТАЛНА   

Өнөөдрийн байдлаар ГХЯ-нд ирсэн мэдээллээр нэр нь тусгай үүргийн нислэгт багтсан боловч санхүүгийн боломжгүйн улмаас билетээ авч чадалгүй гадаадад гацсан 142 хүн байна. Эдгээрээс есдүгээр сарын 14-ний өдөр Франкфуртээс ирэх нислэгт 15 хүний асуудлыг бүрэн болон хэсэгчлэн шийдвэрлэжээ. Ингэхдээ хилийн чанадад байгаа монголчуудад туслах сангаас санхүүжилтийг олгохоор болсон байна.  

Хилийн чандад байгаа иргэдэд тусламж олгох сангийн хөрөнгөд ҮАГ-аас жил бүр аудит хийдэг. Мэргэжлийн байгууллагуудаас өгч байгаа анхан шатны санхүүгийн баримт бүрдүүлэх бүх шаардлагыг хангаж байгаа гэлээ. Энэ жишгийн дагуу  Франкфуртээс ирэх тусгай үүргийн нислэгт хамрагдсан 15 хүний  асуудлыг ингэж шийдвэрлэсэн гэлээ.