Нийгэм

Монголын шатахууны зах зээлд керосин нэрж дизель түлш гарган авдаг технологи байсаар байгааг салбарын мэргэжилтнүүд хэлж байна. Ямар ч зохицуулалтгүй энэ аргаар гарган авсан түлш зарим бензин колонкуудад ч худалдаагдаж байж болзошгүйг ч хяналтын байгууллагынхан хэлж байгаа юм. Дизель түлш гарган авдаг керосин нь манай улсад татваргүйгээр нэвтэрдэг. Өөрөөр хэлбэл үнэгүй шахуу оруулж ирээд хууль бусаар дизель болгон хувиргаж байгаа талаар манай сэтгүүлч сурвалжлага бэлтгэлээ.

Керонсиныг зэс боловсруулахад ашигладаг. Жилийн бодит хэрэгцээ нь 20 мянган тонн байдаг. Гэтэл үүнээс их хэмжээний керосин хилээр орж ирсээр байгаа бөгөөд энэ оны 8-р сарын байдлаар нийт 120 мянган тонн импортлогдоод байна. Ийм их хэмжээний дагалдах бүтээгдэхүүн орж ирсэн нь шалтгаантай. Мэргэжлийн хяналтын газраас керосин, нафта зэрэг дагалдах бүтээгдэхүүнийг татваргүй оруулж ирэн, улмаар хольж найруулан шатахуун үйлдвэрлэж байгаа гэж мэдэгдсэн. Шалгалтаар ч энэ төрлийн зөрчил илэрчээ. Гэвч тухайн үйлдвэрийг торгох боломжгүй юм.

А.БЯМБАДОРЖ: КЕРОСИНЫГ ОНЦГОЙ ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРТАЙ БОЛГОСНООР ХУУРАМЧ ШАТАХУУН ҮЙЛДВЭРЛЭХ АСУУДЛЫГ ЗОГСООНО

Агуулахын зориулалттай, үйлдвэрийн тоног төхөөрөмж байхгүй газруудад шатахуун үйлдвэрлэсээр удаж байна. Нөгөө талаар шатахуун үйлдвэрлэхдээ тодорхой стандарт баримтлах учиртай. Өөрөөр хэлбэл найрлага нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартын дагуу хийгдсэн байх ёстой. Энэхүү стандарт нь энэ онд батлагдан гарсан ч УУХҮЯ-наас үйлдвэрүүдэд зөвшөөрлийг олгосоор байжээ.

Нэгэнт зөвшөөрөл авсан учир үйлдвэрүүд шатахуун үйлдвэрлэсээр байжээ. Гэвч тухайн шатахуун нь чанарын шаардлага хангахгүй байгаа нь шалгалтаар нэгэнт илэрсэн. Хохироод үлдэж байгаа нь иргэд юм. Тиймээс энэ асуудлыг зохицуулах үүднээс мэргэжлийн хяналтын газраас керосин, нафта зэрэг дагалдах бүтээгдэхүүнийг татвартай болгох асуудлыг хөндөж эхэлсэн байна.

Энэ оноос эхэлж, стандарттай болсон. Цаашлаад татварын асуудлыг хөндөх ч боломжтой болжээ. Тэгвэл өнгөрсөн хугацаанд чанар муутай шатахуун үйлдвэрлэж байсан газруудаас болж хохирсон иргэдийн хохирлыг хэрхэн барагдуулах вэ гэдэг нь тодорхой бус байна. Бид энэ талаарх мэдээллийг цаашид үргэлжлүүлэн хүргэх болно.