Нийгэм

Манай улсын цаг уурын нөхцөл байдал, дулааралтын хэмжээ дэлхийн дунджаас 2.2 градусаар их байгааг холбогдох байгууллага мэдээлсэн. Энэ нь жил ирэх тусам ган зуд гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэх нөхцлийг бүрдүүлэх хүчин зүйл гэдгийг онцолсон юм. Гэхдээ цаг уурын нөхцөл байдлаас илүүтэй бэлчээрийн даац хэтрэлт, малын тоо толгойнд онцгой анхаарах хэрэгтэйг албаны хүн санууллаа. Учир нь бэлчээрийн даац хэтэрсэн бүс нутаг өвөлдөө зуд турхан, зундаа ган гачигт нэрвэгдэх нь элбэг байдаг байна.

1970 онд манай улсын мал сүргийн тоо толгой 22 сая байсан бол 1990 онд 25 сая байжээ. Гэвч 1990-2019 оны хооронд 70 гаруй сая болтлоо огцом өссөн. Судлаачдын үзэж байгаагаар манай улсын бэлчээрийн даац, өнөөгийн нөхцөл байдалд 30 орчим сая толгой мал тохирно гэж үздэг байна. Үүнээс гадна сүргийн бүтэц алдагдаж байгаа асуудалд ч анхаарах хэрэгтэйг хэллээ. Тодруулбал 70 гаруй сая толгой малын талаас илүү нь буюу 41 сая нь ямаа гэж тоологджээ. Тиймээс хожмын олон эрсдэлийг бодож малчид төдийгүй төр засаг ч мал сүргийн тоо толгой, бэлчээрийн даацад анхаарах хэрэгтэйг хэллээ.

Жил ирэх тусам ган, зуд гэх мэт гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэж байгаа тул иргэд төдийгүй, эрх баригчид ч анхааралтай байж болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлдэг байх хэрэгтэйг хэллээ. Энэ өвлийн ерөнхий төлөв байдал албан ёсоор гараагүй байгаа ч баруун аймгуудаар цас эрт унаж, цаг агаарын гамшигт үзэгдэл их байх төлөвтэй байгааг онцоллоо.