Нийгэм

Сэрүүний улирал дөхөж өглөө оройдоо айлууд галлаж байна. Түүхий нүүрс түлэхийг хориглож байгаа учраас эмзэг бүлгийн айл өрхүүдэд нийслэлээс дэмжлэг үзүүлж эхэллээ. Нийтдээ 10 мянга гаруй айлд сайжруулсан түлш үнэ төлбөргүй олгохоор болсон байна.

Сүүлийн үед цахилгаан халаалтаа буруу ашигласнаас үүдэлтэй гал алдах тохиолдол хэд хэд гарчээ. Үүнээс гадна хүйтэн сэрүүний улирал эхэлж гэр хорооллын айл өрхүүд галлагаа хийхдээ түймэр гаргах тохиолдол ч нэмгдсэн байна. Хуурайшилт ихтэй байгаа өнөөгийн нөхцөлд ил задгай үнсээ хаях асуудал ч их гарч байгааг албаны хүн онцоллоо. Тиймээс иргэн бүр дор бүрнээ гал түймрийн эрсдэлээс сэргийлж анхааралтай байхыг санууллаа.

ЗОРИЛТОТ БҮЛГИЙН ИРГЭДЭД САЙЖРУУЛСАН ТҮЛШ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ТАРААНА

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 100 орчим сайжруулсан түлш борлуулах цэг ажиллаж байна. Энэ өвлийн тухайд түлш боруулах цэгийг нэмэгдүүлж 800 орчим цэг ажиллуулахаар бэлтгэл байдлыг хангаж байгаа юм байна. Харин зорилтот бүлгийн иргэд буюу нийгмийн эмзэг хэсгийн иргэд түлш худалдан авах боломж хомс байдаг. Үүнээсээ үүдээд хог хаягдал, дугуй зэрэг утаа их ялгаруулах зүйлсийг түлэх тохиолдол элбэг. Тиймээс 10 мянга орчим зорилтот бүлгийн айлд сайжруулсан түлш үнэ төлбөргүй тараахаар болжээ.
Галлагааны улирал эхэлж байгаатай холбоотой угаарын хийд хордох эрсдэл нэмэгдэнэ. Тиймээс нийслэлийн хэмжээнд 6000 орчим төрийн алба хаагч гэр хорооллын айл өрхүүдийн угаарын хий мэдрэгчийг шалган ажиллаж эхэлжээ. Мөн пийшин зуухны аюулгүй байдлыг ч давхар шалгаж байгаа юм байна. Иргэдийн тухайд галлагаа хийхдээ анхаарал болгоомжтой байхыг албаны хүмүүс санууллаа.