Нийгэм

Хүүхэд хөнөөсөн, нэгийгээ буудсан гээд нийгэмд айдас дагуулсан аймшигт хэргүүд ар араасаа бүртгэгдэж байна. Эдгээр гэмт хэргийн 90 гаруй хувь нь архидан согтуурахтай холбоотой байгаа юм. Тийм учраас Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд яаралтай өөрчлөлт оруулахаар Улсын их хурлын эмэгтэй гишүүд хэлэлцүүлэг өрнүүлж эхэллээ. Эхний ээлжинд архины татварыг өндөр болгох, орон сууцны нэг давхарт зарахыг хориглох зэрэг санал гарсан байна.

Дэлхийн хүн амын 60 гаруй хувь амьдардаг Ази тивдээ архины хэрэглээгээр Монгол Улс 4-р байрт жагсчээ. Энэ хэрээр нийгэмд үйлдэгдэж байгаа сэтгэл түгшээм аймшигт хэргүүдийн дийлэнх нь архи хэтрүүлэн хэрэглэсэн, сэтгэцэд нь өөрчлөлт орсон, биеэ хянах чадваргүй үед үйлдэгдэж байна. Сүүлийн үед ахуйн хүрээний архидалт нэмэгдэж гэр бүлийн хүчирхийлэл, хэрэг зөрчил түүнийгээ дагаад өссөнийг албаны хүн хэллээ. Гэр бүлийн хүчирхийллийн 90 гаруй хувь согтуугаар үйлдэгдэж байгааг онцолсон юм.

ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН 90 ГАРУЙ ХУВЬ НЬ АРХИ ХЭТРҮҮЛЭН ХЭРЭГЛЭСЭН ҮЕД ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА

Монголчууд архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэдэг дадал суусан нь судалгаагаар тогтоогдсон байна. Үүнээс гадна архинд хэт донтох эмгэгтэй 93 мянга хүн байгаа ч ердөө 10 мянга орчим нь эмчилгээнд хамрагджээ. Хамгийн гол нь архинд донтож эхлэсэн, архины хамааралтай болж байгаагаа хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс их байдагийг албаны хүн хэллээ. Тэгвэл мэргэжлийн байгууллага архины хамааралтай болж байгаа эсэхийг ямар хэмжигдэхүүнээр тодорхойлдогийг тодрууллаа.
Өнөөгийн нийгэмд болж байгаа муу бүхний үндэс болсон архи согтууруулах ундаанд Монголчууд живж эхлэхэд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байна. Үүнд цөөн хүн амтай манай улсад согтууруулах ундаа үйлдвэрлэж байгаа 44 үйлдвэр бий. Дээр нь нэмээд импортын хямд үнэтэй спиртийн агууламж өндөртэй архи, согтууруулах ундаа нь савалгааны хувьд өргөн сонголттой худалдаалагдаж байгаа юм. Согтууруулах ундаанд ногдуулж буй татварын хэмжээ бусад орны жишгээс харьцангуй бага худалдан борлуулж байгаа газар хэт олон гээд асуудал их байна.

СПИРТИЙН АГУУЛАМЖ ӨНДӨР СОГТУУРУУЛАХ УНДААГ 0.33 ЛИТРЭЭС БАГА ХЭМЖЭЭНД САВЛАХЫГ ХОРИГЛОНО 

УИХ-ын эмэгтэй гишүүд гэр бүлийн хүчирхийлэл, архидалт, ядуурал гээд 10 гаруй чиглэлд бодлого боловсруулахаар бүлэг байгуулан ажиллаж эхлэсэн. Бүлгийн гишүүд энэ удаад Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар төсөл боловсруулсан байна. Уг нь бол дээрх хуульд өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд 8 удаа нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. Гэвч архины хэрэглээ аюулын түвшинд хүрсэн нь өнөөг хүртэл зөв шийдлээ олоогүй байгаагийн илрэл юм. Согтууруулах ундааны хэрэглээг хязгаарлах асуудлыг хөндөх бүрт эрх ашгийн лобби явдаг нь үнэн. Тэгвэл энэ удаад цөөн хүний эрх ашгаас илүүтэй нийт иргэдийнхээ эрх ашгийг бодох ёстойг эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга онцоллоо.
Одоо мөрдөж байгаа хуульд согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн этгээд гэх ганц нэршил байдаг. Тэгвэл шинэ төсөл дээр худалдан борлуулсан, үйлчилсэн, хэрэглэсэн гээд илүү нарийвчлан тусгах юм байна. Мөн орон сууцны суурин давхруудад согтууруулах ундаагаар үйлчлэх байгууллагуудыг хязгаарлаж, хуванцар савыг согтууруулах ундаанд ашиглахгүй байхаар тусгажээ. Үүнээс гадна татварыг нэмэгдүүлж спиртийн агууламж 18-аас багатай согтууруулах ундааг 1 литрээс их хэмжээгээр савлахгүй байх харин спиртийн агууламж өндөртэйг нь 0.33 литрээс бага хэмжээгээр савлахыг хориглохоор тусгалаа. Учир нь спитрийн агууламж өндөр бага хэмжээгээр савлагдсан хямд өртөгтэй архийг нийгмийн эмзэг хэсэг хэрэглэх нь элбэг байдаг байна.