Нийгэм

Цаг хөтөлбөр жилийн өмнө эхнэрийнхээ эмчилгээнд зориулж гар утасны модон тавиур сийлэн 1500 төгрөгөөр зардаг иргэний талаар сурвалжилга хүргэсэн. Тэгвэл тэрээр тасралтгүй хөдөлмөрлөж гар аргаар сийлдэг модон тавиурын жижиг бизнесээ тавилгын үйлдвэрлэл болтол нь хөгжүүлжээ. Мөн эхнэрийнхээ эмчилгээнд шаардлагатай мөнгөн дүнгийн гуравны нэгийг цуглуулж чадсан байна. Бүх сэтгэлээ гэр бүлдээ зориулж, асар их зүйлийг нэг жилийн дотор бүтээж чадсан хөдөлмөрч иргэнийг дахин сурвалжиллаа.

Хүнд өвчтэй эхнэрээ эмчлүүлэхээр өдөр шөнөгүй хөдөлмөрлөж байгаа Б. Батзориг гэх залуугийн тухай бид өмнө нь мэдээлж байсан. Жил гаруйн өмнө 60 сая төгрөг босгохоор анх гар утасны эко модон тавиур хийж эхэлсэн тэрбээр өнөөдөр "Wood master" гэх эко модон тавилгын дэлгүүртэй болжээ. 

Батзориг модоор хийж болох бүгдийг бага сагаар урлаж өнөөдөр дансандаа 20 сая төгрөг хураажээ. Гар утасны тавиураас гадна ханын чимэглэл, ханын гэрэл, аяны сандал, хүүхдийн хичээлийн ширээ сандал, хүүхдийн ор, давхар ор, шкаф, гүйдэг хаалгатай шкаф гээд модоор хийж болох бүгдийг урлаж бүтээгдэхүүнийхээ төрлийг олшруулсан байна. Мөн 15 хүнийг ажлын байртай болгосон гээд түүний ажил хөдөлмөр амжилттай явж байна. Хөдөлмөрч, тууштай залуу Б. Батзоригийн сурвалжилгыг Цаг хөтөлбөрөөр хүлээн авч үзээрэй.

Эхнэрийнхээ эмчилгээнд зориулж гар утасны тавиур урладаг Б. Батзориг өнөөдөр дансандаа 20 сая төгрөг хураажээ