Нийгэм

Алслагдсан сумд руу баг оврын онгоц нисэхээр төлөвлөж байна. Хамгийн эхний нислэг Завхан аймгийн Тосонцэнгэл сум гэж тооцоолжээ. Энэ чиглэлийг сонгосон нь Тосонцэнгэл сумтай зэргэлдээ орших Архангай, Увс, Хөвсгөл аймгийн ойр сумдын иргэд хамрагдах боломж бүрдэх юм. Нислэг үйлдэх компанийн сонгон шалгаруулалт эхэлжээ.

Алслагдсан бүс нутгийн иргэдэд агаарын тээврийн үйлчилгээг хүргэх ажлын хүрээнд Завхан аймгийн Тосонцэнгэл сум руу тогтмол нислэг үйлдэх гэж байна.

Энэ нислэгт ойролцоо 10 гаруй сумдын иргэд болох Завханы хойд сумд, Хөвсгөл, Архангайн Цахир сумд хамрагдах тооцоог ЗТХЯ-аас гаргажээ. Одоогоор авиа компаниудаас үнийн санал авч байна. Нислэгийн үнийн хувьд төрөөс 50 хувийг нь даахаар тусгажээ.

Мөн иргэний зориулалтын нислэгийг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд зарим аймаг сумдад жижиг оврын нислэг явуулах судалгааны ажил энэ цаг мөчид ЗТХЯ-нд ид явагдаж байгаа юм. Судалгаа, талбай байгуулах ажил нь эхэлсэн гэж албаны хүн мэдээллээ. Энэ ажлын төлөвлөгөөнд Завхан аймгаас Эрдэнэхайрхан, Ургамал, Нөмрөг, Отгон, Их-Уул сумд багтжээ. Энэ сумдад жижиг онгоц бууж, хөөрөх талбайг одоо байгуулна. Ингээд цаашид 7 хоногт тогтмол нэг нислэг эхний ээлжинд хийгдэхээр төлөвлөгдсөн юм байна.