Нийгэм

Одоогоор амбулаторийн нийт үзлэгийн 4.3 хувийг томуугийн үзлэг эзэлж байна. Энэ жилийн хувьд өмнөх жилүүдээс 3 дахин их вакциныг авч, эрсдэлт бүлгийн хүмүүсийг томуугийн эсрэг вакцинд хамруулж байгаа юм. Ингэхдээ хоёр удаагийн ханган нийлүүлэлтээр хоёр үйлдвэрлэгчийн 509,500 хүн тун вакцин хүлээн авсан байна.

Энэ вакцин нь ДЭМБ-аас 2020-2021 оны томуугийн улиралд зөвлөмж болгосон, батламжийг нь авсан А хүрээний H1N1, А хүрээний H3N2, Б хүрээний нэг омгийг агуулсан 3 цэнт вакцин болохыг онцоллоо.
Энэ жилийн дархлаажуулалтын 10 хоног эхэлсэн байгаа. Одоогоор 33,600 хүүхэд цэцэрлэгийн насны хүүхдийг томуугийн эсрэг вакцинд хамруулжээ. Харин энэ долоо хоногт сургуулийн сурагчдыг вакцинд хамруулна гэлээ. Томуугийн эсрэг вакцинд хамрагдсанаар томуугийн өвчлөл болон хүндрэлээс сэргийлэх үр дүнтэй байдаг тул эцэг эхчүүд сургууль, цэцэрлэгээс авч байгаа зөвшөөрлийн хуудастай танилцан, мэдээлээ бүрэн дүүрэн өгч, гарын үсэг зуран баталгаажуулан бага насны хүүхдүүдээ дархлаажуулалтад идэвхтэй оролцохыг уриалж байна. Учир нь коронавирусний халдвар, томуугийн өвчлөлтэй хавсарвал илүү аюултай болохыг ДЭМБ-аас анхааруулж байгаа. Тиймээс эцэг эхчүүдийг бага насны хүүхдээ гадуур дагуулж явахгүй байх, гарыг нь ариутгах, амны хаалт тогтмол зүүлгэх хэрэгтэйг анхаарууллаа. Мөн 1800-0119 дугаарт холбогдон эрүүл мэндийн зөвлөгөө мэдээлэл авах боломжтой.