Нийгэм

Сэтгүүлч Г.Бадамлянхуа архинаас гарч, амьдралаа дахин шинээр эхлүүлсэн иргэн Батбаярын тухай сурвалжилга бэлтгэлээ. 20 гаруй жил архитай нөхөрлөж, өөрийн гэх зүйлгүй үлдсэн байсан тэрээр архинаас холдсон хэдхэн жилийн дотор амьдрлаа эргүүлэн авчээ. Гэхдээ зөвхөн ганцаараа гарсангүй. Эргэн тойрны найз нөхөд, ах дүү гээд 100 гаруй хүнийг архинаас аварч, амьдралтай нь дахин залгуулжээ. Бүх гэмт хэрэг, хүчирхийллийн эхлэл болсон архинаас татгалзахыг уриалж энэхүү сурвалжилгыг бэлтгэлээ.

Бор дарсанд 25 жилийн турш толгойгоо мэдүүлж явахдаа хамгийн эрхэм гэсэн бүхнээ алдаж хоцорсон түүнийг Б. Батбаяр гэдэг. Тэр Нарантуул худалдааны төвийн “Мангасын ам” гэж нэрлэгдэх хэсэгхэн газар, Туулын шугуй орчмоор “гэр” хийж ирсэн байна. “Цэл залуухан 18 настайдаа хундага дүүрэн сархад бариад сууж байсан би хожим яг энд, мангасын амны үүдэнд 40 гаран настай болчихоод бөөн хогон дунд согтуу сэрсэн” хэмээн Б. Батбаяр гуай ярьж байна.

Б. Батбаяр гуай одоо архинаас гарсан. Архи огт амсаагүй долоон жилийг ардаа үджээ. Нарантуул худалдааны төвийн эргэн тойрныг нүд салгалгүй ажиглах тэрбээр худалдааны төвийн эргэн тойрон ихэд өөрчлөгдсөнийг гайхаж байлаа.

Одоогоос найман жилийн өмнө түүний амьдралд гэрэл цацарчээ. Туулын шугуйд хөлчүү хэвтэж байхад нь нэгэн сайхан сэтгэлт хүн болох Цогтсугар түүнтэй таарсан нь архинаас гарах эхний алхам болсныг дурсаж, Цогтсугар гуайн ачийг хожим ярьж байна.

АРХИГҮЙ АМЬДРАЛЫН АЗ ЖАРГАЛЫГ АЙЛ ӨРХӨД БЭЛЭГЛЭГЧ Б. БАТБАЯР

Б. Батбаяр гуай өөрөө архинаас татгалзсаныхаа дараагаар өөртэйгөө ижил зовлон, бэрхшээлтэй, архины хамааралтай 100 орчим хүнд тус болжээ. Тэгшилж янзалсан хашаан дотор гурван цэмцгэр гэр харагдана. Гэр тохилог, дулаахан, цэвэр цэмцгэр. Энд архинаас салж, амьдралаа босгох гэсэн хүсэл зорилготой хүмүүс түүнтэй хамт амьдардаг байна.

Б. Батбаяр гуай бусдын сэтгэлд гэрэл асааж, аав ээж, ах дүү, хань ижл, үр хүүхдүүд нь архигүй амьдралын жаргалыг мэдрүүлж явна. Олон олон айл гэрт гэрэл цацруулах “Гэрэл” төвөө ажиллуулахдаа төрөөс нэг ч тусламж дэмжлэг аваагүй байна. Одоо тэрбээр эмэгтэйчүүдэд зориулсан архинаас татгалзах төвтэй болохыг зорьж яваа гэлээ.