Нийгэм

Өнөөдөр Үндэсний мод тарих өдөр. Жилдээ хоёр удаа тохиодог энэ өдөр иргэн бүр мод суулгаж, арьчилж, хамгаалж явахаар зэхдэг. Энэ өдрийн гол зорилго нь манай улс ой модоо нэмэгдүүлэхэд оршдог. Өнөөдрийн байдлаар 7.9 хувийг эзэлж байгаа ой модоо 8.6 хувьд хүргэх зорилт тавьсан гэдгийг Байгаль орчин аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл хэллээ. Ой мод зөвхөн манай улсын биш эх дэлхийн уушги болдог учраас хүн бүр мод тарихыг ч уриалсан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигаар 5, 10-р сарын хоёр дахь долоо хоногийг Бямба гарагийг “БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨР” болгон зарласан.

Үүний зэрэгцээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 10 жилийн ой энэ өдөр тохиож байна. Энэ намрын мод тарилтын нээлт өнөөдөр өглөө 11:00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд боллоо. Өнөөдөр 2000 мод тарьж байна. Ингэхдээ цэцэрлэгт хүрээлэнгийн тал газар байсан хэсгийг моджуулж байгаа юм. Монгол орны газар нутгийн ердөө 7.9 хувь нь ой мод байдагийг 8.6 хувь болгох зорилт тавьсан тухай БОАЖЯ-ны сайд Д.Сарангэрэл онцоллоо.